Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, хуучнаар “Хүүхдийн-100”, өнөөгийн “Good price” дэлгүүрийн залгаа урд талд байрладаг“Сондор” гэх төвийн барилга нурав. Явган хүний замаас хашаагаар ч, хаалтаар ч тусгаарлалгүйгээр нэлээд олон хоногийн өмнөөс уг барилгыг нурааж эхэлсэн юм. Уг нь бол аюулгүй байдлыг хангах үүднээс хашаа барьж тусгаарлах хууль, журамтай ч уг барилгыг эзэмшигч, нураах ажлыг нь гүйцэтгэж буй аж ахуйн нэгжийнхэн холбогдох хуулийн заалтыг мөрдөөгүйгээс зам дээр зогсож байсан “Тоёота хариер” загварын автомашинд хохирол учруулав. Азаар барилга нурах үед тухайн замаар хүн явж байгаагүй аж. Ойр хавийн оршин суугчид “Энэ барилгын эзэн нь “Гацуурт” компанийн Л.Чинбатынх гэдэг. Шүүхээр нэгэн компанитай заргалдаж байгаад авсан гэж ярьдаг юм. Уг барилгаа нураахдаа аюулгүй байдлын наад захын шаардлага хангаагүйгээс иргэдийн өмчид хохирол учруулсан байна. Тус барилгын хажуугаар хичээл, цэцэрлэг тарах, цуглах үед хүүхдээ хөтөлсөн хүмүүс байнга явдаг. Тэр үед нурсан бол хүн гэмтээх, аминд нь ч хүрэхийг үгүйсгэхгүй” хэмээн ярьсан юм.
Бэлтгэсэн: Г.Орчлон