Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах ажилтан, дэд хурандаа М.Төгс, Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Нууцын албаны цахим бүртгэлийн лавлагаа, нууцлалт хариуцсан ажилтан, ахлах дэслэгч З.Солонго нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэднийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгасан юм. ХХЕГ-ын дээрх хоёр албан тушаалтан Б.Цэвэгмэд гэх хүнд давуу байдал бий болгож, хуурамч бичиг баримт үндэслэж хилийн лавлагаа гаргаж өгсөн хэрэгт холбогдсон аж.
ХХЕГ-ын алба хаагчтай холбоотой өөр нэгэн хэргийг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Хилийн цэргийн нэгэн тусгай ангийн хилчин шалгагч Т.Мөнхзул, БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө Засах Орны иргэн Б.Эрдэнэдалай болон манай улсын иргэд оролцсон хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хаалттай хэлэлцсэн юм. БНХАУ-ын иргэн Б.Эрдэнэдалай өмнөд хилийн нэгэн боомтоор боодолтой буйданд нуугдан орж ирэхэд манай улсын нэр бүхий иргэд хамтарсан аж. Улмаар өмнөд хилээр орж ирсэн атлаа паспортдоо хойд хилээр нэвтэрч Монгол Улсад орж ирсэн гэсэн тамга даруулсан байжээ. Тиймээс Б.Эрдэнэдалайг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн, түүнтэй хамтарсан манай улсын иргэн Ч.Бат-Амгалан, Б.Батцэнгэл, О.Бямбадэлгэр, У.Батболд, Я.Ганбаатар, Т.Мөнхзул нарыг Эрүүгийн хуулийн 19.14-2.1 дэх хэсэгтзаасан “Орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Эрдэнэдалайд нэг жил хорих ял шийтгэсэн бол Ч.Бат-Амгалан, Б.Батцэнгэл, О.Бямбадэлгэр, У.Батболд нарыг 5.4 сая, хил хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт албан тушаалаа ашиглан оролцсон хилчин шалгагч Т.Мөнхзул болон иргэн Я.Ганбаатар нарыг 10.8 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гомдлыг үндэслэн хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн юм.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30 881, мөрдөн байцаалтын 2537 хэрэгт хяналт тавьснаас хүрээлэн байгаа орчны эсрэг найм, авлига, албан тушаалын эсрэг зургаа гээд нийт 324 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний дотор ХХЕГ-ын Нууцын албаныхантай холбоотой дээрх хэрэг багтсан юм. Харин НПГ-ын хяналтын прокурорууд өнгөрсөн долоо хоногт шүүгдэгч нарын гэм буруутай, эсэхийг дэнслэх 102 шүүх хуралд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцсоны нэг нь дээрх буйданд нуугдсан өвөрлөгч эр болон хилчин шалгагчийн холбогдсон хэрэг байв.