Хүрээлэн буй орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд зардал багатай цахилгаан автомашины хэрэглээ сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байгаа. Манай улс 1988 онд цахилгаан хөдөлгүүртэй троллейбусыг анх ашиглаж эхэлжээ. Тэгвэл өдгөө буюу 2023 оны эхний улирлын байдлаар улсын тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд Улаанбаатар хотод 632, орон нутагт 77, нийт 709 цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины хэрэглээний талаар вто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржоос тодруулахад “Сүүлийн жилүүдэд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн тоо тогтмол өсөх хандлагатай байгаа. Тухайлбал, 2021 онд уг тээврийн хэрэгсэл шинээр 97 бүртгэгдэж байсан бол өнгөрөгч онд 208 болж нэмэгдлээ. тээврийн хэрэгслийн ихэнх хувийг Хятад, Япон Улсаас оруулж ирсэн байна. Манайх дотооддоо угсарсан болон үйлдвэрлэсэн нь 68. Нийт цахилгаан тээврийн хэрэгслийн дотор суудлын машин 525, автобус 131, ачааных 12, механизм 35, мотоцикл тав, тусгай зориулалтынх хоёр байгаа” гэв.
ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАР ДАВУУ ЭРХТЭЙ
Цахилгаан машиныг сонгосон иргэдэд хэд хэдэн давуу тал бий. Тухайлбал, замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцох, авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг төрөөс гаргасан. Мөн тээврийн хэрэгслийн дугаарыг сүүлийн жилээс ялгах тэмдэгтэй болгосон юм. Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцож буй эдгээр машины улсын дугаарын дэвсгэр өнгө нь ногоон байдаг. Энэ мэт давуу талыг төрөөс бий болгосон ч иргэд цахилгаан машины аюулгүй байдал, бусад үйлчилгээ, хэрэглээнд эргэлзсэн хэвээр байна. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн машин авах хүсэлтэй ч үйлчилгээ хязгаарлагдмал байгаагаас хэрэглэж чаддаггүй иргэн цөөнгүй аж. Тухайлбал, баянзүрх дүүргийн иргэн .Чинбат “Дэлхий нийт цахилгаан машины хэрэглээг дэмжиж байна. Би ч гэсэн ийм машин авах хүсэлтэй. Гэхдээ авчихвал хаана цэнэглэх вэ гэдэг асуудал тулгарна. Мэдээж байрныхаа гадаа цэнэглэх боломжгүй. Бас эко унаа хэдий ч батарейгаар ажилладаг учраас өвлийн хүйтэнд хэр хүндрэлтэй байх бол гэж эргэлздэг. Түүнчлэн орон нутаг руу явбал цэнэглэх эх үүсвэр байхгүй. Миний сонссоноор зөвхөн Өмнөговь, Хэнтий, Дорнод аймагт л цэнэглэх эх үүсвэр байдаг гэсэн. Барууны орнуудад төв замаар нь цахилгаан машинууд ямар ч асуудалгүй явдаг, бүх зогсоолдоо үнэгүй байрлуулдаг юм билээ” гэв.
Тэгвэл эко унааг монголд нэвтрүүлснээс хойш хэрэглэж байгаа жолооч Т.Булгансувд “Би “Ниссан леаф” машиныг 2018 онд оруулж ирэхэд нь авсан. Нэг удаа цэнэглээд 120 орчим км явдаг. Өөрөөр хэлбэл, ажилдаа болон ойр зуур 2-3 хоногт унахад хүрэлцдэг. Өвлийн цагт дулаан гараашид байлгах хэрэгтэй. Хүйтэнд явахад тулгардаг бэрхшээл гэвэл халаагуураа ажиллуулснаар бараг тал цэнэгээ дуусгадаг. Тиймээс цэнэгээ сайн хянаж, тооцоолох нь чухал. Ихэвчлэн байрныхаа гараашинд машиныхаа зай хураагуурыг 4-5 цаг цэнэглэдэг юм. Цэнэглэгчээ гэрийнхээ тоолуурт холбосноор цахилгааны хэрэглээгээ хянадаг болсон. Нэг удаа дүүртэл цэнэглэхэд 5000-6000 төгрөгийн зардал гардаг. Ингээд тооцвол сард 20 000-30 000 төгрөгөөр л цэнэглэнэ. Маш хямд зардалтай гэсэн үг. Гадуур буюу “Петровис”-ийн салбаруудад цэнэглүүлэхэд хугацаа жаахан алддаг талтай. Багадаа нэг цаг зогсдог юм. Сул тал гэвэл хөдөө явах боломжгүй. Давуу тал нь автомашины улсын дугаарын хязгаарлалт нөлөөлөхгүй, агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө. Саяхнаас албан ёсны зогсоолууд эко машинаас төлбөр авахаа больсон байна лээ. Мөн нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчиж болно гэж УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлж байсан ч энэ нь бодит байдалд хэрэгждэггүй юм билээ. Замын цагдаагаас энэ талаар асуухад “Нэгдүгээр эгнээгээр явуулахгүй гэж хэлсэн” юм.
“Хэрэглээний зардал багатай гэдгээр нь эко унаа сонирхдог, мэдээлэл авахыг хүсдэг иргэдийн тоо олширсон. Сүүлийн хоёр жил буюу “Ковид”-оос хойш түлш, шатахуун үнэд орсон. Тиймээс 100 хувь цахилгаанаар ажилладаг унааг худалдан авагчид сонирхох нь нэмэгдсэн” хэмээн “Leaf center” ХХК-ийн захирал Т.Тумбиш хэлэв. Тус компани нь Монгол Улсад энэ төрлийн машины импортыг эхлүүлэн, бүх нийтийн хэрэглээ болгох уриатайгаар таван жил үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Өнгөрсөн хугацаанд тэд эрс тэс уур амьсгалтай орны орчин нөхцөлд ямар машин тохиромжтойг судалж, туршжээ. Үүнийхээ дагуу нийт 25 төрлийн цахилгаан автомашиныг импортолж байгаа аж. Тэдгээрийн зарим нь зөвхөн хот, суурин газар хэрэглэх боломжтой юм байна. Мөн хөдөө явах, урт зам туулах нөхцөлд шатахуунаар ажиллах боломжтой нь ч бий гэнэ. Т.Тумбиш “Манай компани ирэх зургадугаар сард багтааж Дархан-Уул-Орхоны чиглэлд эко машинтай иргэд чөлөөтэй зорчих боломжоор ханган, зам дагуух хоёр байршилд цэнэглэгч байршуулахаар болсон. Мөн ийм ажлын төлөвлөгөө гарган БОАЖЯ-нд танилцуулсан” гэв. Тус компанийн хамт олон өнгөрсөн сарын 17-22-нд Дархан-Уул, Орхон аймагт цахилгаан автомашин танилцуулах өдөрлөг анх удаа зохион байгуулжээ.
Бодлого боловсруулагчдын өгч буй мэдээллээр эко машиныг нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжиж эхэлж буй гэх. Хөрсөн дээр, тоо баримтаас харахад ч хэрэглээ нь төдийлөн өсөөгүй байна. Бас төрийн дэмжлэгүүд нь байгаа онож байна уу гэх асуудал ч бий. Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан автобус оруулж ирэх талаар цаанд ярьж байна. “Манай улсаас захиалсан 150 нийтийн унаа энэ сард багтаж үйлдвэрээсээ гарч эхэлж байгаа. Зургадугаар сарын 1-нээс оруулж ирэхээр төлөвлөсөн” хэмээн ийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар мэдээлсэн.
Ц.МӨНХБАТ: 74 ЗОГСООЛД ЦЭНЭГЛЭГЧ СТАНЦБАЙГУУЛАХААР СУДАЛЖ БАЙНА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн сард цахилгаан автомашин хэрэглэгчдийг дэмжих талаар мэдэгдсэн. Тэгвэл энэ чиглэлээр ямар ажлууд хэрэгжүүлж байгааг тус яамныхнаас тодруулсан юм. Юуны өмнө БОАЖЯ-ны мэргэжилтнүүд цахилгаан автомашин унахыг иргэдэд уриалж, тоо хэмжээг нь 2030 он хүртэл 30 хувиар нэмэгдүүлэх зорилго тавьсан гэв. Тус яамныхан энэ ажлыг өөрсдөөсөө эхлүүлж, сайд болон зарим ажилтан нь эко унаатай болсон гэнэ. Мөн яамны гаднах зогсоолд түргэн цэнэглэгч байршуулжээ. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Мөнхбатаас цахилгаан машины хэрэглээг цаашид хэрхэн дэмжих талаар лавлалаа.
-Цахилгаан автомашины хэрэглээг дэмжих чиглэлээр БОАЖЯ-наас ямар нэгэн шийдвэр гаргасан уу?
-НҮБ-ын ур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцод нэгдсэн улс орнууд найман зорилтын хүрээнд хүлэмжийн хийг хязгаарлах, бууруулах бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж, тайлагнах үүрэг хүлээдэг. Үүний нэг нь “Тээврийн салбарт хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ авах зорилт” юм. Дотоодын буюу “Алсын хараа-2050”, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт ч тээврийн хэрэгслийг цахилгаан болон хийн эх үүсвэрээр цэнэглэх сүлжээ байгуулах, нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн цахилгаанжуулах талаар дурдсан. Түүнчлэн цахилгаан болон байгалийн хийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн цэнэглэх сүлжээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах, байгаль орчинд сөрөг нөлөө багатай техник, технологи, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж, турших, эрх зүйн зохицуулалт бий болгох, Улаанбаатар хот, бусад томоохон суурин газрын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах зэрэг зорилт дэвшүүлсэн. Улсын хэмжээнд өдгөө 1.2 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Улаанбаатар хотын агаар бохирдуулах эх үүсвэрийн 15-20 хувийг автомашинууд эзэлж байна. Эдгээрийн 80 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай хуучин машин юм. Мөн дийлэнх нь “Евро-2” ангиллын чанар муутай, хүхрийн агууламж өндөртэй шатахуун, дизель түлш хэрэглэж байгаа нь агаар дахь хүхрийн агууламжийг 1.1-3.3 дахин ихэсгэх үндсэн шалтгаан болдог. Манай улс байгаль орчинд ээлтэй, бүрэн цахилгаан автомашины хэрэглээг дэлхийн чиг хандлагатай уялдуулан 2025 онд 20, 2030 онд 30 хүртэлх хувьд хүргэх зорилт тавьсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан автомашин, бүх төрлийн түргэн цэнэглэгчийг гааль, НӨАТ, онцгой албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх арга хэмжээ авсан.
-Энэ тал дээр бусад байгууллагатай хэр уялдаатай ажилладаг вэ?
-Цахилгаан автомашины түргэн цэнэглэгч станцын сүлжээ байгуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагыг нээлттэй урьж байгаа. Одоогоор бидэнтэй цахилгаан автомашин худалдан борлуулдаг “Leaf center”, “Глобал моторс”, “Эрчим сүлжээ”, БНХАУ-ын “Жүнги олон улсын эдийн засаг техникийн хамтын ажиллагаа”, “Shanghai jiuxing energy technology” зэрэг аж ахуйн нэгж хамтран ажиллах хүсэлт .
-Автомашины цэнэглэгч станцыг нэмэгдүүлэх тал дээр ямар ажлууд хийх вэ?
-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ЗТХЯ-тай хамтран улсын чанартай авто замын дагуу байгуулах түр буудаллах цэгүүдэд түргэн цэнэглэгч суурилуулахаар хэлэлцэж байна. Мөн БХБЯ-тай хамтран шинээр барих барилга, орон сууцын авто зогсоолд түргэн цэнэглэгч төлөвлөх, зураг төсөлд нь тусгуулах эрх зүйн зохицуулалт бий болгохоор ярилцаж байгаа. Аймаг, нийслэлийн тухайд ИТХ-ын дарга нарт нийтийн эзэмшлийн зам, талбайд цахилгаан машин байрлуулах тохиолдолд зогсоолын төлбөрөөс бүрэн чөлөөлөх хүсэлт тавьсан. Түүнчлэн Улаанбаатар хотын тодорхой байршлын авто зогсоолууд болон шатахуун түгээх станцуудыг түшиглэн цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулахаар шийдвэрлэж, хамтран ажиллахаар албан хүсэлт хүргүүлээд байна. Засгийн газраас 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай автобусыг 2024 оны аванхоёрдугаар сарын 31 хүртэл импортын барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Мөн Засгийн газрын 2021 оны 317 дугаар тогтоолоор хийн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй, эсвэл цахилгаан мотортой тээврийн хэрэгслийг НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлөх жагсаалтад нэмж оруулаад байгаа. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8.2-т “Нэгж километр зайд явахад 120 грамм болон түүнээс бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг авто тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө” гэж заасны дагуу шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашиныг төлбөрөөс чөлөөлсөн. БОАЖЯ-наас дотоодын банкуудтай ногоон зээл олгох хэлэлцээрийг байгуулж, цахилгаан автомашин худалдан авсан иргэнд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгож байна.
-Нийслэл болон орон нутагт цахилгаан автомашины цэнэглэгч байршуулсан хэдэн газар байна вэ?
-Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийн 13 цэнэглэх станц байгаагаас одоогоор ес хэвийн ажилладаг. Орхон аймагт нэг станц бий. Нийслэлд 74 байршилд төлбөртэй зогсоол үйл ажиллагаа явуулдаг. Эхний ээлжид эдгээр төлбөртэй зогсоолд цахилгаан автомашин цэнэглэгч суурилуулах боломжтой, эсэхийг судалж, шийдвэр гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болсон.