Францын нийслэл Парист цахилгаан скүүтер түрээслэхийг хориглох талаар Хотын зөвлөлөөс нь мэдээлжээ. Тус зөвлөлөөсзохион байгуулсан бүх нийтийн санал асуулгын дүнд тулгуурлан ийм шийдвэрт хүрсэн гэнэ. Ингэснээр скүүтерээс татгалзсан Европын анхны хот болох нь. Нийслэл хотын арван хүн тутмын ес нь цахилгаан скүүтер түрээслэхийг хориглох санал өгсөн гэж байгаа ч эл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван гол компанийн төлөөлөл “Энэ шийдвэр нь хотын замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлөхөөс гадна манай 800 ажилчныг эдийн засгийн хүнд нөхцөлд ороход хүргэнэ” гэж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Нэгэн цагт ногоон тээврийн анхдагч хэлбэр гэж сурталчилж, скүүтерийг хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлсэн ч иргэд нь замын хөдөлгөөний дүрмийг үл тоомсорлож, осол гаргах нь улам нэмэгдсээр Парис хотын нэг “зовлон” болон хувирсан гэнэ. Өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан, олон нийтийн зөвлөлдөх уулзалтын үеэр хотын дарга Анн Идальго “Хэдийгээр санал хураалтын үр дүн нь заавал биелүүлэх үүрэг биш ч цахилгаан скүүтерийн түрээсийн үйлчилгээг ирэх есдүгээр сараас хориглохоор шийдвэрлэнэ” гэж амлажээ. Энэхүү арга хэмжээ нь “Lime”, “Dott”, “Tier” зэрэг компанийн жуулчид болон иргэдэд түрээслүүлдэг скүүтерт хамаарна. Тэдгээр компани 15 000 орчим скүүтер эзэмшдэг бөгөөд хэрэглэгчид ухаалаг утасны программаар дамжуулан захиалж авдаг аж. Харин хувь хүний эзэмшдэг скүүтерт эл хориг хамаарахгүй гэдгийг мээр онцолжээ.
2018 онд Анн Идальго моторт хоёр дугуйтай “машин” нь замын түгжрэлийг бууруулж, нүүрс төрөгчийн ялгаруулалтыг эрс багасгана хэмээн Парист цахилгаан скүүтер түрээслэх компаниудыг дэмжиж ажилласан. Энэхүү зах зээлд 10 гаруй компани орж ирсэн ч удалгүй оршин суугчдын гомдолд дарагдаж эхэлжээ. Авто болон явган хүний зам, цэцэрлэгт хүрээлэн, Сена голын эрэг дээр гээд хаа сайгүй хүмүүс скүүтерээ орхисноос хөдөлгөөнд саад болсон талаарх дуудлага, гомдол тасрахаа больжээ. 2019 онд замын хөдөлгөөнд оролцож явсан скүүтертэй хүн машинтай мөргөлдөж нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн аж. Францын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний агентлагийн мэдээлснээр өнгөрсөн онд цахилгаан скүүтер болон түүнтэй төстэй тээврийн хэрэгсэл жолоодож яваад 34 хүн амиа алдаж, 600 иргэн хүнд бэртсэн байна. Түүнчлэн 2021 онд тус хотод итали эмэгтэй цахилгаан скүүтерт дайруулсны улмаас нас баржээ. Парист скүүтер түрээсэлдэг болсноос хойш таван жилийн хугацаанд гарсан энэ мэт осол, замын хөдөлгөөний аюулгүй байдал зэргээс үүдэн хотын дарга бүсгүй шийдвэрээ эргэн харахад хүрсэн бөгөөд “Цахилгаан скүүтерийн хэрэглээ иргэдийн хувьд стресс, түгшүүрийн эх үүсвэр боллоо” хэмээжээ.
2020 онд Данийн Копенхаген хотод энэ төрлийн төхөөрөмжийг хориглосон боловч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, нэг жилийн дараа зарим хатуу хязгаарлалттайгаар хэрэглэхийг зөвшөөрсөн юм байна. Тэгвэл ОХУ-ын нийслэлд үүнтэй холбоотой хэд хэдэн осол гарсны дараа 2021 онд цахилгаан скүүтерийн хурдыг цагт 15 км байхаар хязгаарлажээ. Парисыг Европын бусад хот дагаж шийдвэрээ өөрчлөх, эсэх нь одоогоор тодорхойгүй. Магадгүй эерэг нөлөө гарвал дэлхийн соёлын төвийнхний “моод”-ыг дагах нь гарцаагүй буй за.
Тэгвэл манай нийслэлд эсрэгээрээ цахилгаан скүүтерийн “эрин” эхлэх гэж байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран скүүтер түрээсийн үйлчилгээг 2023 оны хавраас нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу 2023-2024 онд нийт 1000 ширхэг цахилгаан скүүтер оруулж ирэх гэнэ. “Дэлхийн том хотуудад байдаг жишиг үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлнэ” гэсэн амлалтаа биелүүлэхээр албаныхан ид яарч буй энэ цаг үед Парисын захиргаа “муухай” шийдвэрээ танилцуулчихлаа. Гэхдээ мэдээж гэнэт гаргаагүй, хэдэн жил судалж байж нэвтрүүлэх болсон төсөл учраас өнөө, маргаашдаа эл ажлыг зогсоохгүй. Харин Парисынх шиг муу жишээнээс сэргийлэхийн тулд аюулгүй байдал, хурдны хязгаарлалт зэрэгт анхаарахын зэрэгцээ хамгийн гол нь замаа бэлдэх хэрэгтэй. Энэ тал дээр манайхан тун дулимаг. Скүүтер бүү хэл, унадаг дугуйтай нэг нь автомашинуудын дундуур “шургах”, явган зорчигчдыг сүлжих гээд ихэд “эрдэм” ухаан гаргадаг шүү дээ. Гэтэл скүүтерийг зөвхөн явган зорчигчийн замаар явуулахаар зохицуулсан байна. Ёстой л аз туршсан, тэнгэр мэдэх эрсдэл гэж үүнийг хэлэх байх. Учир нь Улаанбаатарт явган хүний зам байдаг бил үү. Байгаа нь стандартад нийцдэг үү гэхчлэн асуулт хөвөрнө. Явган хүн шагайгаа мултлах шахам зам дээр нь скүүтертэйгээ “ойж буух” нь лавтай. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. 2-3 жилийн өмнөөс л эл төслийг хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн даруйдаа замаа бэлдсэн бол хэрэгтэй байв. Парисын араас скүүтерийг “үзэн ядах” хоёр дахь хот нь Улаанбаатар болох вий.