Иргэн Г.Очирбат “Ипотекийн зээл авах хүсэлтээ өнгөрсөн арваннэгдүгээр сард “Голомт банк”-нд өгсөн. Манайх Чингэлтэй дүүрэгт байрлалтай, 64 ам метр орон сууцыг 220 000 сая төгрөгөөр худалдан авах юм. Ийм хэмжээтэй орон сууцын ханш 2021 оны сээр 170 орчим саяас хэтрэхгүй байсан бол өдгөө урьдчилгаа төлбөрт нь бараг 70 саяыг өгөх болж, үнэ нь өсжээ. Юутай ч урьдчилгаа төлбөрөө цуглуулж, барилгын компанитайгаа зөвшилцсөн ч зээл хүлээгдээд удлаа. Зургаан хувийн хүүтэй зээлийн санхүүжилт бүрдээгүй үлээх хэрэгтэй, банкны өөрийн эх үүсвэрийн, жилд 16 хувийн хүүтэй зээл авч болно гэх юм” хэмээв.
Тэгвэл “Орхон индастрал” компанийн захирал Г.Өнөдэлгэр “Манай компани 2020-2022 онд нийслэлд Цагаан хуаранд болон Баянбүрдийн ойролцоо нийт 300 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан. Тэдгээрээс бартер болон бусад нөхцөлөөр одоогоор 80 айлын орон сууцыг л борлуулаад байна. Туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компанийнханд өрөндөө өгсөн гэсэн үг. Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээл авч чадвал худалдан авна гэсэн хүн цөөнгүй юм. Гэтэл зургаан хувийн хүүтэй зээл нь олддоггүй янзтай. Манай компанийн хувьд өр ихтэй, бас борлуулалт муу учраас хэцүүхэн л байна. Ам метрийг нь 3.5 сая төгрөгөөр үнэлэн, бэлэн мөнгөөр худалдан авбал 10 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэж зарлаад ч байр авах хүн алга” гэж ярилаа.
Сүүлийн таван жилд нийслэлд жил бүр 15 000-16 000 айлын орон сууц ашиглалтад оруулсныг Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Тэгвэл 2021 онд хамгийн их буюу барагцаалбал 13 000 иргэнд ипотекийн зээл олгосон бол өнгөрсөн жил 8000 орчим өрх хамрагджээ. Ер нь жилд ашиглалтад оруулж буй орон сууцын 30 гаруйхувийг ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд борлуулсан аж. Түүнчлэн ипотекийн зээлийн эх үүсвэрийг 2017 оноос хойш өмнөх зээлдэгчдийн эргэн төлөлтөөс бүрдүүлж, жилд380 орчим тэрбум төгрөг хуримтлуулан, шинэ санхүүжилт “бий болгож” буй. Манай улсын ипотекийн зээлийн хөтөлбөрийн жилийн санхүүжилт 380 орчим тэрбум төгрөг буюу 3800 айл тус бүрт 100 сая төгрөгийн зээл олгох боломж одоогоор бүрдсэн гэсэн үг. Нөгөөтээгүүр, гэр хороололд 220 000 орчим өрх амьдардаг гэсэн дүн төдийлөн буурдаггүй. Товчхондоо эрэлт, нийлүүлэлт их ч худалдан авалт бага байгаа юм. Ипотекийн зээлийн санхүүжилт зорилтот хэрэглэгчдэдхүрч байгаа, эсэх, санхүүжилтийнхүртээмжийг нэмэгдүүлэхээр ямар ажил хийж буй талаар БХБЯ-наас тодрууллаа.
Тус яамны Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд “Сүүлийн таван жилийн дунджаас харахад жил бүр 15 000-16 000 айлынорон сууц ашиглалтад оруулжээ. Үүний 40 орчим хувийг буюу 6000-ыг нь ипотекийн зээлээр олгоод байвал зохист харьцаа үүснэ гэж тооцсон. Гэтэл уг зээлийн хөтөлбөрийн эргэн төлөлтөөс жилд 380 тэрбум төгрөг л хуримтлагдаж буй. Гадаад, дотоодоос хямд эх үүсвэр нэмж олохгүй л бол эл дүн ойрын жилүүдэд өөрчлөгдөхгүй, боломжит дээд хязгаартаа хүрсэн гэсэн үг. Нөгөөтээгүүр, гэр хорооллоос орон сууцад шилжин амьдрах боломжтой өрх бараг л дууссан. Тодруулбал, энэ оны эхний гурван сард улсын хэмжээнд 2000 гаруй иргэн 220 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл авах хүсэлтээ банкуудад ирүүлжээ. Үүнээс 600 гаруй иргэний хүсэлт зээлийн шаардлага хангахгүйн улмаас буцаагдсан. Шаардлага хангаагүй айл өрхийн дийлэнхийнх нь орлого хүрэлцээгүй. Энэ нь ипотекийн зээл авах хүсэлт ирүүлж буй гурван өрх тутмын нэг нь зээлийн шаардлага хангаагүй гэсэн үг. Цаашид айлуудыг орон сууцжуулах биш, гэр хорооллыг дахин төлөвлөн, дэд бүтцийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай” гэв. Дээр дурдсан 2000 гаруй иргэн ипотекийн зээл авах хүсэлт ирүүлснээс анхан шатны шалгуурыг хангаад буй 800 орчим өрх байгаа бөгөөд үлдсэнийх нь материалыг судалж буй гэнэ. Судалгаа хийж буй тэдгээр айл бүгд зээл авч чадна гэсэн үг бас биш юм. Тухайлбал, 80 ам метрээс бага хэмжээтэй орон сууц авах сонирхолгүй болон бусад шалтгаанаар зээлийн шаардлагад нийцэхгүй байх магадлалтай.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хойш 10 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд 110 000 гаруй иргэн зээлд хамрагдсаны ойролцоогоор 80 000 нь жилийн 6-8 хувийн хүүтэйгээр авчээ. Түүнчлэн 80 000 орчим зээлдэгчийн 25 гаруй хувь нь гэр хорооллоос орон сууцад амьдрахаар болсон статистик бий. Гэхдээ энэ хэрээр гэр хорооллын айл өрхийн тоо буураагүйг Барилгын хөгжлийн төвөөс мэдээллээ. Учир нь шилжилт хөдөлгөөний улмаас гэр хорооллын айлуудын тоонд төдийлөн өөрчлөлт орохгүй, нэг айл орон сууц руу нүүхэд, өөр айл хашаанд нь суурьшдаг гэнэ. Тиймээс ялангуяа нийслэлийн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах шаардлагатай хэвээр аж. Иймээс амины орон сууц барихад хөнгөлөлттэй зээл олгох, эсвэл ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах ньзүйтэйгэжзариммэргэжилтэнүзэжбуй. Зээлийн хүү, урьдчилгаа төлбөрийн хэмжээг бууруулах боломжтой, эсэхталаар Төвбанкнаас тодруулахад мэргэжилтэн нь “Өдгөө хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн хөтөлбөрийн зургаан хувийг бууруулах боломж одоогоор байхгүй гэхэд болно. Хэрэв хүүг бууруулбал зээлийн эргэн төлөлтөөс жил бүр хуримтлагдах хөрөнгө багасан, шинээр зээл олгох боломж хумигдана. Урьдчилгаа төлбөрийг багасгавал нэг айлын урт хугацаанд төлөх мөнгөн дүн ихсэн, хугацаа нь уртсаж, мөн л зээлийн хүртээмжийг өсгөж чадахгүйд хүрнэ. Нэмж хэлэхэд, найман хувийн хүүтэй олгосон зээлийг зургаа болгох хэрэгтэй гэж сүүлийн үед яригдаж буй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 500 орчим тэрбум төгрөг буюу бараг 1.5 жилийн турш олгох ипотекийн зээлийн санхүүжилтийг бүрэн зарцуулна. Ер нь нийслэлд одоогоор зургаагаас бага хувийн хүүтэй, 30 хувиас бага урьдчилгаа төлбөртэйгөөр ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүйг ойлгох хэрэгтэй. Цаашид хөтөлбөрийг хэрхэн тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх, нэмэлт хөрөнгийн эх үүсвэр яаж бүрдүүлэх талаар Засгийн газар, Сангийн яам, БХБЯ-тай хамтран ажиллаж байгаа” хэмээв.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг идэвхжүүлж, дэд бүтцийг сайжруулан, амины орон сууц барихад олгох хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлснээр иргэдийн тавтухыгхангах, агаарын бохирдлыг багасгах боломжтойг мэргэжилтнүүд дурдсаар байна. Тиймээс ч амины орон сууцын ипотекийн зээлийн хөтөлбөр бий болгохоор салбарын яам, Барилгын хөгжлийн төв, бусад байгууллага хамтарчажиллан, ийморон сууцын зураг төсөл, мэдээлэл авах сонирхолтой иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа гэнэ. Нийслэлд амины орон сууц барих зорилгоор ипотекийн зургаан хувийн хүүтэй зээл авсан айл одоогоор байхгүй. Харин орон нутагт энэ оны эхний улирлын байдлаар 600 иргэн амины орон сууцад зориулж жилийн зургаан хувийн хүүтэй зээл авчээ. БХБЯ-наас ирэх таван жилд Улаанбаатарын гэр хорооллын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, иргэдийн орлогод нийцсэн 82 мянган айл амьдрах төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Гэхдээ амины орон сууцын хороолол бий болгох, олон айлыг нэгдсэн дэд бүтцэд холбоход Улаанбаатарт газрын үнэлгээ өндөр, эрчим хүчний эх үүсвэр дутмаг, иргэдийн оролцоо сул зэрэг бэрхшээл байгаа аж. Айлууд газраа өгөхөөс, нэгдсэн дэд бүтэцтэй болохоос татгалзах, эсвэл газраа хэт өндөр үнэлж буй гэсэн. Мөн хашаа болон зуслангийн газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэх, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатайг холбогдох байгууллагуудаас мэдэгдлээ.