АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 835 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын хяналтад хүргүүлжээ. Тэдний дунд цагдаагийн алба хаагчид, цэцэрлэгийн эрхлэгч, орон нутаг дахь нийтийн албан тушаалтнуудын холбогдсон хэргүүд багтсанаас гадна улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаал хашдаг эрхмийн хэрэг ч багтсан юм. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон байна. Тэрбээр УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)- ын дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболдтой хамааралтай гэгддэг “Страто” ХХК, түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон билээ.
“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд АТГ, тагнуул, цагдаагийн байгууллагын ажлын хэсгийнхний шалгасан эл хэрэгт холбогдуулан уг хоёр улстөрчийг яллагдагчаар татсан. Тодруулбал, Өмнөговийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг дээрх аж ахуйн нэгжид ЕТГ-ын даргын албан тушаалаа урвуулан ашиглаж Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, давуу байдал олгуулсан гэж буруутгаад буй юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн З.Энхболдод хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын саналыг шийдвэрлэлгүй нэлээд хугацаа өнгөрсний эцэст энэ сарын эхээр хориг тавьсан юм байна. Тус шүүхийн шүүгч Б.Батсайхан “З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоо прокурор танилцуулаагүй, тайлбар, мэдүүлэг аваагүй байхдаа таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал шүүхэд ирүүлсэн нь хууль зөрчсөн” гэж үзээд таслан сэргийлэх арга хэмжээ авахаас гуравдугаар сарын 27-нд татгалзсан. Уг захирамжийг эсэргүүцэж, хоёр хоногийн дараа буюу 29-нд ерөнхий шүүгч Ж.Болдбаатарт нь прокурор гомдол гаргасан ч энэ сарын 5-ныг өнгөртөл шийдвэрлээгүй юм.