Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий өнөөдөр нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр мэдээлэл өгөв. Өдгөө нийслэлийн хэмжээнд 17 байгууллагын асрамж, халамжийн 25 төвд 786 хүүхэд амьдарч байна. Үүнээс гадна зургаан түр хамгаалах байр, найман нэг цэгийн үйлчилгээ ажиллаж буй. Энд 922 иргэнд хамгааллын үйлчилгээ үзүүлснээс 65.5 хувь нь хүүхэд аж.
Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд өнгөрсөн онд 6442 дуудлага ирснээс 5153-ыг нь шийдвэрлэсэн байна. Он гарснаас хойш 1759 дуудлага, мэдээлэл ирснээс шийдвэрлэлт 40.3 хувьтай гарсан гэнэ. Нийт дуудлагын 95.8 хувь нь бие, махбодийн хүчирхийлэл, 34.6 хувь нь сэтгэл санааны, 24.8 хувь нь үйл хайхрах хүчирхийлэл байжээ. Мөн 10-16 насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх магадлал өндөр байна. Учир нь хүчирхийллийн 74 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг гэнэ.