Энэ сарын 1-нд эхэлсэн Тайландын ОУ-ын тэмцээн 6 өдөр үргэлжилж, нийлбэр дүнгээр 1-р байрт ОУХМ Б.Тэгшбаяр “Roojai” Тайландын мэргэжлийн баг, “Алдар” спорт хорооны тамирчин, 2-р байрт ОУХМ С.Жамбалжамц “Terengganu” Малайзын мэргэжлийн баг, Улсын шигшээ багийн тамирчин нар оржээ. Монголын дугуйн спортын түүхэнд цоо шинэ хуудсыг нээн UCI 2.1 ангиллын тэмцээнд анх удаа Монголын хоёр тамирчин дараалан шилдэг байруудыг эзэлсэн нь энэ аж.
2021 оны “Tour of Thailand” тэмцээнийг ОУХМ С.Жамбалжамц түрүүлж шинэ хуудсыг нээж байсан бол өдгөө эл амжилтаа бататгахын зэрэгцээ эхний шагналт 2 байрыг Монголын дугуйчид эзлэж буй нь манай дугуйчид Мэргэжлийн түвшинд өрсөлдөх чадвартай болсоноо батлан харуулсан хэмээн Монголын дугуйн холбооноос мэдээллээ.
Ташрамд дурдахад, тэмцээний аварга ОУХМ Б.Тэгшбаяр UCI 139 оноо, ОУХМ С.Жамбалжамц UCI 85 оноо авснаар Монголын баг олимпын эрх рүү “Нэг алхам” ойртлоо.