Казахстаны Астана хотод чөлөөт бөхийн Азийн АШТ өнөөдөр эхэлнэ. Монголын тамирчид Гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлагад тус тэмцээнд зодоглох юм. Тэднээс “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Тулга тус тэмцээний дараа Алматыг зорих нь. Тэрбээр тус хотод энэ сарын 26-нд болох, Иван Поддубныйгийн IV лигт 65 кг-ын жинд ОХУ-ын Шамиль Мамедовтой халз барилдахаар болжээ. Шамиль Мамедов нь Иван Ярыгиний нэрэмжит гран при тэмцээний хошой аварга тамирчин юм. Т.Тулга Иван Поддубныйгийн анхны лигт удаалсан бол гурав дахид нь аваргаар тодорч байв. Манай бөх өнгөрсөн жил Иван Ярыгин, Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд Шамиль Мамедовтой таарч байжээ. Тэдний дэвжээнд өрнүүлэх гурав дахь удаагийн халз барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байгаа.