Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 20 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 80 орчим хувьтай байлаа. Тухайлбал, орон сууцын барилга, инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдал зэрэгт тандалт судалгаа хийж, барилгыг паспортжуулах ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавихыг үүрэг болгосон. 2011-2022 онд орон сууцын 672, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 272 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ, паспортжуулалт хийжээ.
ТОГЛООМЫН ТАЛБАЙНУУДЫН 60 ХУВЬ НЬ ЭРСДЭЛТЭЙ
Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Үүний дагуу нийт 44 байршлын тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байжээ. Тодруулбал, тоглоомын талбай бүрэн бус, эвдрэл ихтэй, тоглоомууд стандартад нийцээгүй, хуучирч муудсан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, гулсуур хэт налуу зэрэг нийтлэг зөрчил илэрч, хяналт шалгалт үргэлжилж байна.
Түүнчлэн худалдаа, үйлчилгээний газар болон гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, урагдсан, өнгө үзэмжгүй хаяг, сурталчилгааны байгууламжуудыг буулгах ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсөн. Үүний хүрээнд нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй 1259 байгууламжийг буулгаж, 2858 мэдэгдэл хүргүүлээд байна. Нийслэлийн Засаг дарга 2023 онд нийт 444 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг харьяа байгууллагуудад шилжүүлнэ. Тэдгээрээс 2023 оны эхний улирлын байдлаар 411 төсөл, арга хэмжээ худалдан авах эрхийг шилжүүлсэн.
Нийт 423 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулж байгаа юм.
“УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ” БОЛНО
“Улаанбаатар хотын эдийн засгийн форум” зохион байгуулах бэлтгэл ажлын талаар нийслэлийн ЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтангэрэл мэдээлэл өгөв. Тэрбээр “Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулахаар бэлтгэл хангаж буй. Бүртгэл хийх www.ubif.mn сайт ашиглалтад орсон. Хамтын ажиллагаатай хотууд болон гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд 170 гаруй урилга хүргүүлээд байна” гэлээ.
ГАЗАР ОЛГОЛТЫГ ШАЛГАЖ БАЙНА
Ойн сан бүхий газрын газар ашиглалт, бүртгэлд хяналт шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Ойн сан бүхий газарт 17 633 нэгж талбар бүртгэлтэй гэх судалгаа гарсан. Цаашид газар олголтыг бүрэн хориглох, хоёр жил ашиглаагүй газрыг Газрын тухай хуулийн дагуу цуцлах, орц, гарц болон газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх, газрын үнэлгээний бүсчлэлд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Мөн дүүргүүдийн газар олголтод хянаж шалгаж эхэллээ” гэв.
ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ӨСЖЭЭ
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өгөв. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2925 бүртгэгдсэн нь, 5.02 хувиар өссөн байна. Тухайлбал, хулгайн гомдол мэдээлэл 12.6, дээрмийнх 35.8, хүний эрүүл мэндийн эсрэг нь 2.3 хувиар буурчээ. Харин залилах гэмт хэргийн гомдол мэдээлэл 56.8 хувиар өссөн байна. Нийслэлийн хэмжээнд 1808 гэмт хэрэг бүртгэгджээ. Олон нийтийн газар зүй бусаар авирласан зөрчил 2.3 дахин өссөн. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 8031 бүртгэгдэж, 3.4 хувиар буурсан ч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, танхайрсан, хүний биед халдсан зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгджээ.
ШАР ӨВСНИЙ ТҮЙМЭР ГАРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ УРИАЛЛАА
Нийслэлийн хэмжээнд дөрвөн байршилд шар усны үер, усанд автсан дуудлага, мэдээлэл иржээ. Үүний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тохижилт үйлчилгээний компанийн 35 ажилтан, алба хаагч, тусгай зориулалтын автомашин, механизмтай шуурхай ажиллаж, дөрвөн км шороон далан босгон, 80 өрхийг усанд автахаас урьдчилан сэргийлсэн байна. Мөн шар өвсний, ой, хээрийн түймрээс сэргийлэх, иргэдэд хор хохирлыг таниулах, урьдчилан сэргийлэх арга замыг сурталчлах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалж оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Хотын дарга их хэмжээний цас орсон болон цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үерээс сэргийлэхийг үүрэг болгов.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ
Хотын дарга хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, явуулын хоолны үйлчилгээг дэмжиж, үйлчилгээ эрхлэх боломжтой газруудыг тогтоож, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа бол үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг онцлов. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч, ажлын байрны талаарх мэдээллийг зарлаж байхыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм.
- “Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-ын бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох чиг үүргийн байгууллагууд дэмжлэг үзүүлэх.
- Хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх.
- Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбайн өнгө үзэмжийг сэргээх, засварлах ажлыг шуурхай зохион байгуулах.
- Инженерийн шугам сүлжээний засварын ажлын шаардлагаар ухсан зам, талбайг нөхөн сэргээхдээ Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлагыг хангаж, хэрэгжилтэд хяналт тавих.
- Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил арилгах хашаа, гарааш чөлөөлөх арга хэмжээг эхлүүлэх.
- Нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах зэрэг ажлаа эрчимжүүлэх.
- Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг хангасан худалдаа, үйлчилгээний байгууллагуудын судалгааг гаргаж, хүртээмжийг сайжруулах зөвлөмж боловсруулан хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавихыг тус тус үүрэг болгов.