Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хороон дахь орон сууцын хороолол, хотхонуудын зэвтэй усны асуудлаар шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлантай Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцаж, контор, СӨХ-ны төлөөлөлтэй уулзлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг, 25 мянга гаруй хүн амьдардаг “Ханбогд”, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 20 орчим хороолол, хотхоны халуун, хүйтэн ус зэв гарч байна гэсэн гомдлууд ашиглалт, үйлчилгээ хариуцдаг орон сууцын конторууд, Ус сувгийн удирдах газар, холбогдох бусад байгууллагад өнгөрсөн оны зургадугаар сараас ирэх болжээ. Тухайн бүсийн оршин суугчдын гомдлыг шийдвэрлэх, ус зэвтэй гарч буйн шалтгааныг тогтоох зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсгийг байгуулсан юм. Улмаар орон сууц, олон нийтийн барилгуудын дамжуулах шугам сүлжээ, усны эх үүсвэрт хяналт шалгалт хийж, тодорхой арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Алтангэрэл “Ажлын хэсэг ус зэвтэй гарч байгаагийн шалтгааныг тодруулах арга хэмжээг нэн тэргүүнд авсан. Ингэхдээ насос станцаас гарч байгаа цэвэр усны шугамууд, хэрэглэгчийн салаа болон салбар худаг, ус хэмжүүрийн зангилаа, айл өрхийн сантехникийн хэрэгслээс Ус сувгийн удирдах газрынхан хими, бактериологиийн дээж авч шинжиллээ. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн лабораторид усны, ус дамжуулах шугам хоолойноос авсан дээжийг тус тус шинжлүүлсэн. Удаа дараагийн шинжилгээний хариунуудыг харьцуулан үзэхэд усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй, хүчил шүлтийн түвшин саармаг буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байв. Мөн аль ч усны сорьцод эмгэг төрүүлэгч нян илрээгүй. 2022 оны есдүгээр сард орон сууцын хорооллын ус дамжуулах хоолой, хоолойд үүссэн зэвэнд Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийнхэн шинжилгээ хийсэн юм. Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүргэх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж, зэвтэй гарч байсан тул шугам хоолойноос хамааралтай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг. Тэгэхээр “Пума констракшн”, “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хөрөнгөөр барьсан, ф200 мм голчтой, хоёр км ган яндан, “Шинэ өргөө” хорооллын гаднах ф200 мм-ийн ган шугам болон орон сууцын хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна” гэлээ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Зэвтэй усны асуудлаар иргэдээс маш олон гомдол ирсэн. Үүний дагуу ажлын хэсэг байгуулаад тодорхой арга хэмжээ авлаа. Ус дамжуулах хоолой стандартын шаардлага хангаагүйгээс ийм асуудал үүссэнийг ажлын хэсгийн тайланд онцолсон. Усны зэвийг арилгахаар шугам, хоолой, нийт тоноглолыг угаах зэрэг арга хэмжээ авсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Энэ бол иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэд шууд халдсан нөхцөл байдал. Тиймээс стандартын шаардлага хангаагүй шугам сүлжээ тавьсан, угсарсан компаниуд, ашиглалтад хүлээн авсан эрх бүхий байгууллагуудад хариуцлага тооцохоос өөр аргагүй. Үүнээс гадна 25 мянган хүний эрх ашиг хөндөгдөж байхад асуудлыг шийдээгүй аж ахуйн нэгж, хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм. Түүнчлэн ундны ус дамжуулах стандартын шаардлага хангаагүй хоолой, орон сууцын хорооллын дотор шугам сүлжээ, тоноглолыг солих арга хэмжээг даруй авах шаардлагатайг онцоллоо.