Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, нээлттэй хорих ангид 4 жил хорих, 2,7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ. Тодруулбал, иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдрийн турш үргэлжилсэн. Шүүх хуралдааны үеэр тэрбээр "Миний амьдралыг шийдэх гэж байгаа учир өмгөөлөгч нэмж авах хүсэлтийг хангаж өгнө үү" гэх байр суурийг илэрхийлж, хуралдааныг хойшлуулахыг хүссэн. Мөн түүний өмгөөлөгчийн зүгээс иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд байршуулж, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргах саналыг гаргасан билээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хүлээж аваагүй.
Хэргийн тухай эргэн сануулахад, Д.Мөнх-Эрдэнийг Засгийн газрын 2016 оны нэгдүгээр сарын 11-ний 46 дугаар тогтоолоор Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотод суух ерөнхий консулаар томилогдсоныхоо дараа эрх мэдлээ урвуулж, хуулиар хориглосон үйлдлүүд гаргасан аж. Тодруулбал, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад олгох зардал, хангамжийн тухай журмын “Суугаа орны хуулиар тусгайлан зохицуулаагүй бол ажилтан нарт төрөөс зардлыг нь хариуцах орон сууцын талбайн хэмжээг нэг хүнд 10 ам метр байхаар, дунджаар нэг ам бүлд 30-60 ам метр байхаар тогтоосныг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, Хөх хотод түүнд 76 ам метр талбай бүхий гурван өрөө орон сууц олгожээ. Харин Д.Мөнх-Эрдэнэ 200 ам метр талбайтай гурван өрөө орон сууц түрээслэх гэрээ байгуулж, төлбөрт 250-иад мянган юань төсвийн хөрөнгөөс гаргаж, Хятадын иргэнд олгосон хэрэгт холбогдсон аж. Мөн тус хот дахь Хянган замын тусгай дунд сургууль хүүхдээс нь сургалтын төлбөр аваагүй байхад 2016-2019 оны хооронд суралцсан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт 40 гаруй мянган юань төлсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлж, төсвийн хөрөнгөөс гаргуулан эхнэртээ олгосон гэдэг.
Үүнээс гадна Д.Мөнх-Эрдэнэ эрх мэдлээ урвуулж албан хэрэгцээндээ ашиглаж байсан автомашиныг үзлэгт оруулах замаар Хятадын иргэнтэй хуйвалдан мөнгө завшсан хэрэгт холбогдсон байна. Тодруулбал, Дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд ашиглаж байсан, “Соната-7”, “Старекс” загварын автомашиныг 2018 оны зургадугаар сард тус улсын тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд хамруулсан байхад уг ажлыг гүйцэтгүүлэх нэрээр гэрээ байгуулж, БНХАУ-ын иргэнд мөнгө шилжүүлжээ. Түүнчлэн Монголд ирсэн тэрбээр, цахим орчинд шууд дамжуулалт хийж бусдын нэр төрд халдсан, гүтгэсэн, доромжилсон хэрэг холбогдсон. Шүүхээс энэ бүгдийг нэгтгэж хэлэлцээд Д.Мөнх-Эрдэнэд дээрх ялыг оноожээ.