Америкийн Johnson & Johnson (J&J) компани түгээмэл хэрэглэгддэг эрүүл ахуйн бүтээгдэхүүнээс үүдэлтэй нэхэмжлэлийг барагдуулахын тулд 8.9 тэрбум доллар гаргаж байгаагаа зарлав. Учир нь тус компанийн Johnson’s baby хүүхдийн нунтаг цацлага хорт хавдар үүсгэдэг гэж 30,000 гаруй хүн шүүхэд гомдол гаргажээ. Цацлагад тальк агуулагддаг бөгөөд энэ нь эргээд хорт хавдар үүсгэдэг асбестын /гидросиликат магни, төмөр, кальци,натригаас тогтсон маш нарийнхан утсархаг бүтэцтэй, бутрамтгай чулуулаг эрдэс/хольцыг агуулж болзошгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчид тайлбарласан байна. Олон жилийн турш нунтаг хэрэглэсэн зарим хүмүүст цаг хугацааны явцад хорт хавдар үүсжээ. Хохирогчид үүнд үйлдвэрлэгчийг буруутгаж байгаа аж.
2018 оны арванхоёрдугаар сард “Reuters”агентлаг 1950-иад оны сүүлээс хойш тальк агуулсан Johnson's Baby хүүхдийн нунтгаас үе үе асбестын ул мөр олдгийг харуулсан тоо баримтыг нийтэлжээ. Тус агентлагийн мэдээлснээр 1970-аад оноос 2000-аад оны эхэн үе хүртэл түүхий тальк болон бэлэн болсон цацлага дахь асбестын шинжилгээ нь эерэг гарсан байна. ДЭМБ-ын мэдээлснээр асбест нь хорт хавдар үүсгэгч бодис бөгөөд уушги, мөгөөрсөн хоолой, өндгөвчний хорт хавдар, мөн мезотелиома (гялтангийн хорт хавдар, хэвлийн хөндийн хорт хавдар) үүсгэдэг. Гэхдээ асбестэнд өртсөн ихэнх хүмүүс хорт хавдар тусдаггүй авч зарим хүмүүсийн хувьд бага хэмжээний асбест ч олон жилийн дараа өвчин үүсгэхэд хангалттай гэж Reuters онцолсон байна.
Үүний зэрэгцээ тус компанийн удирдлагууд, менежерүүд, эрдэмтэд, шинжээчид, хуульчид энэ асуудалд санаа зовж байсан ч АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт мэдэгдээгүй, энэ талаар олон нийтэд мэдээлээгүй болохыг тус олж мэджээ. 1976 онд АНУ-ын Хүнс, Эмийн хяналтын газар тальк агуулдаг гоо сайхны бүтээгдэхүүнд асбестын хязгаарлалт тогтоох шийдвэр гаргахад Johnson&Johnson компани өөрийн бүтээгдэхүүний талькийн "ямар ч дээжээс" асбест илрээгүй гэж зохицуулагчдад баталжээ.
Цацлага болон бусад тальк агуулсан бүтээгдэхүүнүүд хорт хавдар үүсгэдэг гэдгийг тус компани үгүйсгэж байсан хэдий ч 2020 оны 5-р сард АНУ, Канадад Johnson's Baby цацлагыг зарахаа больсон юм. Үүнд шударга бус олон нэхэмжлэлийн дарамт шахалт нөлөөлсөн хэмээн компани үзсэн байна.
Өмнө нь хэд хэдэн шүүх хурлын үеэр шүүгчид дээрх гомдлыг нотлогдсон гэж үзсэн байдаг. Johnson & Johnson компани өндгөвчний хорт хавдраар нас барсан эмэгтэйчүүдийн ар гэрийнхэнд тус бүр 72 сая болон 2.5 тэрбум доллар төлөхөөр болсон.
Гэхдээ нэхэмжлэгч тал ялагдсан тохиолдол ч гарч байсан. Тус компани нунтаг цацлага үүнтэй ямар ч холбоогүй гэдгийг баталж чадсан байдаг. Өнөөдрийг хүртэл тус компани эрүүл ахуйн бүтээгдэхүүнд аюултай хольц байхгүй гэж зүтгэдэг.
Одоо тус компани ирэх 25 жилийн хугацаанд одоогийн болон ирээдүйн 60,000 нэхэмжлэлийг шүүхээс өмнө шийдвэрлэх 8.9 тэрбум долларыг санал болгож байгаа аж.