“Парис-2024” олимпын эрхийн төлөөх, Азийн бүсийн эхний шатны D хэсгийн тоглолт Тайланд улсад үргэлжилж байна. Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн эмэгтэйчүүд Сингапурын тамирчидтай анхны тоглолтоо хийлээ. Тоглолтын хоёр дахь минутад Э.Энхмаргадын дамжуулалтаар довтлогч Н.Намуунаа тооны харьцааг нээв. Эсрэг багийнхнаас 42 дугаартай Даниел Тан Лиерн манайхны хаалганд гоол оруулснаар оноог 1:1 болгосон юм. Тоглолтын II үед өрсөлдөгч багийнхан шаргуу довтолж, 79 дугаартай Нур Иззатай Росни дахин гоол оруулснаар 2:1-ээр тэргүүлж эхлэв. Шүүгчийн мэдлийн сунгасан нэмэлт цагт (90+5) манай тоглогчдоос Н.Намуунаа эсрэг багийн хаалганд гоол оруулж, оноог 2:2 болгон тэнцүүлсэн. Ийнхүү эмэгтэй хөлбөмбөгчид эвийн гэрээ байгуулж, тоглолтыг тэнцээгээр өндөрлүүлсэн юм. Манайхан дараагийн тоглолтоо Тайланд улсын шигшээтэй маргааш хийнэ.