Булган аймгийн Орхон сумын нутаг, Уушгийн ам гэх газарт улсын дугааргүй “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийн тээшинд хүн нас барсан байна гэх мэдээлэл энэ сарын 3-нд цагдаагийнханд иржээ. Үүний дагуу тус аймгийн Цагдаагийн газрынхан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, 62 настай Г уг тээврийн хэрэгслийн тээшинд хоёр гараа хүлүүлж, амандаа алчуур чихүүлээд хутгалуулж нас барсныг тогтоосон байна. Амиа алдсан хүн хувиараа таксины үйлчилгээ эрхэлдэг нэгэн байсан бөгөөд энэ сарын 1-нд таксинд нь суусан гурван эр “Адууны эрэлд яваад ирье” гэж жолоочид санал тавьсан аж. Улмаар аймгийн төвөөс зайтай газарт аваачин хөнөөсөн байжээ. Гэмт этгээдүүд дөрөвдүгээр сарын 2-нд мөн л хувиараа такси үйлчилгээ эрхлэгч Б гэх хүний машинд суусан байна. Тэд “Аймгийн төв хүргүүлнэ” гэж хэлээд явахдаа жолооч Б-тай маргалдан түүнийг барьцаалж, айлган сүрдүүлээд ар гэрийнхнээс нь 200 мянган төгрөг шилжүүлж авсан гэнэ. Улмаар жолоочийг хүлж, тээшинд нь хийгээд автомашиныг нь жолоодон Архангай аймгийн Өлзийт сум руу явж байх үед нь цагдаагийнхан дайчлан баривчилжээ. Уг хэргийг өмнө нь хулгай, дээрмийн хэргээр ял шийтгүүлж байсан 26 настай Д, Анар31 настай Б-тай хамтран үйлдсэн нь тогтоогдож, цагдан хорьсон гэнэ.
Бэлтгэсэн: Г.Равжаа