Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд 2018 оны арванхоёрдугаар сард эх орноосоо зугтаж, Филиппинд орогнож байсан Т.Бадамжунайг баривчлан авчирч байгаа талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд, АТГ-ын дарга, дэд дарга, ЭЦА-ны дарга тэргүүтэй албаны хүмүүс өдөржин шахам Филиппиний хууль хяналтын байгууллагынхантай хэлэлцээ хийсний дүнд Т.Бадамжунайг шилжүүлэн авч, шөнө дунд БНСУ-ын Инчоны нисэх буудалд газардах онгоцонд суусан аж. Улмаар үүрээр тус нисэх буудалд хүрч, “Чингис хаан” нисэх буудалд газардах “Кореан эйрлайнс” компанийн агаарын хөлөгт суусан гэнэ. Оргон зайлсан сэжигтэн, яллагдагчийг шилжүүлэн авах ажиллагаа нэлээд олон шат дамжлагатай аж. Юуны түрүүнд Интерполоор дамжуулж байршлыг нь тогтоож баталгаажуулдаг. Улмаар тухайн орны хууль хяналтын байгууллагынхантай мэдээлэл солилцож, хэлэлцээ хийдэг гэнэ. Паспорт бичиг баримтыг нь хүчингүй болгох, дансыг нь царцаах, үл хөдлөх хөрөнгүүдийнх нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэргээр олон ажиллагаа хийсний эцэст шилжүүлэн авдаг юм билээ.
Олон хүн, байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ард түмний хүсээд байдаг “акул” гэж хэлж болохуйц эрүүгийн хэргийн холбогдогчийг эх оронд нь авчирлаа.
Бидний авсан мэдээллээр манай төлөөлөгчид Филиппинд очоод Т.Бадамжунайтай уулзаж нутаг буцах талаар ярилцсан гэнэ. Гэтэл тэрбээр зөвшөөрөөгүй аж. Хууль сахиулах байгууллагынхан гадаад орны нутаг дэвсгэрт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй учраас НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 38 дугаар зүйлд “Оролцогч улс бүр нэг талаас нийтийн эрх бүхий байгууллага ба нийтийн албан тушаалтан, нөгөө талаас эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, яллах эрх бүхий байгууллага хоорондын хамтын ажиллагааг үндэсний хуулийнхаа дагуу хөхиүлэн дэмжихэд шаардлагатай байж болох арга хэмжээг авна” гэж заасны дагуу Филиппиний хууль хяналтын байгууллагынханта хамтран ажилласан гэнэ. Улмаар Филиппиний Цагаачлалын албаныхан Т.Бадамжунайг саатуулсан бөгөөд тус улсын хууль, журмын дагуу 2-3 сар хорьж байж албадан гаргаад манайд хүлээлгэн өгөхөөр байж. Ажлын хэсгийнхэн тус улсын хууль хяналтын байгууллагынхантай хэлэлцээ хийж, Т.Бадамжунай ч харийн нутагт удаан хугацаанд хоригдох хүсэлгүй, эх орондоо буцах санал гаргаснаар Филиппиний тал нэг өдрийн дотор албадан гаргахаар шийдвэрлэсэн гэнэ. Ингэснээр тус улсын түүхэнд анх удаа өдрийн дотор албадан гаргах шийдвэр гаргасан бол АТГ-ынхан анх удаа авлигын хэргийн яллагдагчийг эх орондоо шилжүүлэн авчрав.
Олон нийтийн дунд “Зүгээр л шоу, удахгүй суллах биз, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан” гэх хардлага байна. Магадгүй шүүх суллачих эрсдэл өндөр. Гэхдээ олон хүний хүч, зардал гаргаж байж Монголд авчирсан яллагдагчийг тийм ч амархан суллачихгүй биз.
Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн 22.10-2-ын улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 18.6-2.3-ын албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан гэсэн заалтын дагуу яллагдагчаар татаад байгаа. Шалгалтын явцад зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан үйлдэл тогтоогдож ч болзошгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг борлуулж дундаас нь ашиг олохдоо нэлээд зохион байгуулалттайгаар, олон хүний оролцоотой ажилласан гэх мэдээлэл бий. Тэгэхээр прокурор, мөрдөх байгууллагынхан үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах санал шүүхэд хүргүүлэх нь гарцаагүй.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Сэжигтэн мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс эхлэн зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж заасан учраас өчигдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор байгаа юм.
АТГ-ынхан авлигын хэрэгт холбогдон хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах явцад оргон зайлж, гадаад улсад орогнож байгаа хүмүүсийг ээлж дараалан ийнхүү авчрахаар болж байна. Тухайлбал, “Нүүрсний” гэх хэргийн холбогдогч, “Монголын төмөр зам” компанийн захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалыг авчрахаар хөөцөлдөж буй. Авлигынхэрэгтхолбогдоодгадаадад оргон зайлсан гэж болох 20 гаруй хүний жагсаалт байгаагаас зарим нь өөрсдөө ирэхээ илэрхийлсэн гэдгийг АТГ-ын дарга З.Дашдаваа мэдээллээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа