Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан, сүүлийн хоёр сар орчмын хугацаанд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид эхнэрийн хамт хоригдсон учраас албан тушаалаас нь түдгэлзүүлсэн, хурандаа Ж.Наранмандах нарын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ. УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын дэмжлэгээр 2021 оны хавар дээрх албан тушаалд томилогдсон, өмнө нь Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын хорооны дэд дарга зэрэг албан тушаал хашиж байсан тэрбээр эхнэр Б.Баярмаагийн хамтаар хэд хэдэн хүнийг залилан мэхэлсэн хэрэгт холбогдсон юм. Тэд иргэн Т, Э нарын үл хөдлөх таван хөрөнгийг “БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр, түргэн шуурхай борлуулж өгнө” хэмээн итгэл төрүүлж эзэмших, өмчлөх эрхийг нь нэр дээрээ шилжүүлэн аваад залилан 1.5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан нь цагдаагийнхны явуулсан мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг. Мөн эхнэр Б.Баярмаа нь “тендерт шалгаруулна, Хонконгоос хөрөнгө оруулалт татаж өгнө” гэх зэргээр 2013-2019 оны хооронд 26 иргэнээс нэг тэрбум гаруй төгрөг мэхэлснийг ч хууль сахиулагчид шалгаж тогтоосон билээ.
Ж.Наранмандах эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдчихаад байхад тухайн үеийн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг тушаал гаргаж хурандаа цол олгосон юм. Энэ нь онцгой байдлын байгууллага болон төрийн цэргийн байгууллын цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг хэрэгжүүлэгч ЗХЖШ-ынхан хүнээ судалдаггүйгээс хурандаа, генерал цолны нэр хүнд унахад ч нэрмээс болсон гэдэгтэй олон хүн санал нэгддэг. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Наранмандах, Б.Баярмаа нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 28-нд хэлэлцээд бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон юм. Дээрх хоёр шүүгдэгч хохирол, төлбөр төлөхөө илэрхийлж, тав хоногийн завсарлага авснаар шүүх энэ сарын 4-ний мягмар гарагт ял шийтгэл ногдуулах хурлыг нь хийхээр болсон аж. Гэвч онцгой байдлын хурандаа Ж.Наранмандах, түүний эхнэр Б.Баярмаа нар хохирлоо төлж барагдуулаагүй гэдгийг хохирогчид, тэдний өмгөөлөгч нар бидэнд мэдээллээ. Шүүх дээрх хоёр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оноох хурлыг товлосон өдрөө үргэлжлүүлэн хийж, нөхөрт нь тав, эхнэрт нь 10 жил хорих ял шийтгэсэн байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа