Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн прокурорын газар АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг 30 гаруй зүйл ангиар буруутгасан юм. Өчигдөр буюу мягмар гарагт энэхүү хэргийн шүүх хурал болжээ.
Трампыг шүүхийн танхимд ирэхэд журмын дагуу түүнийг хэдэн цагийн турш баривчилжээ. Түүний хурууны хээг авч, нүүрний зургийг нь тал талаас нь авсан байна. Ийнхүү АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч тус улсын түүхэнд эрүүгийн хэрэгт татагдсан анхны төрийн тэргүүн болов.
Ерөнхийлөгч асан гэм буруугаа хүлээгээгүй байна. Харин шүүх түүний гэм бурууг тогтоовол их хэмжээний торгууль төдийгүй 136 жилийн хорих ял авч магадгүй юм. Гэхдээ бүх 34 зүйлд гэм буруутай гэдгийг нотолсон тохиолдолд дээрх хорих ялыг оноох боломжтой аж.
Албан ёсоор бол энэ бүхэн Трампыг сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлэхэд саад болохгүй. Түүгээр ч барахгүй Америкийн хуулиар төрийн тэргүүн хорих ял эдэлж байхдаа албан үүргээ гүйцэтгэхийг ч хориглодоггүй.
Гэвч Трампыг тэр өдрөө суллажээ. Шүүгч ялын жагсаалтыг уншиж, баривчлах захирамжийг хүчингүй болгож, дараагийн хурлын товыг зарласны дараа АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч шүүхийг орхин, Флорида руу өөрийн онгоцоор ниссэн байна.
Трампыг буруутгаж буй бүх хэргүүдээс хамгийн ноцтой нь санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн “Stormy Daniels” гэгддэг хэрэг. Алдартай порно жүжигчин эхнэр хүүхэдтэй тэрбумтан Трамптай эр эмийн холбоотой байж. Дараа нь Трамп улс төрийн карьераа эхлүүлэхээр шийдэж, өөрийн компанийн данснаас 130 мянган долларыг өмгөөлөгчдөө хуулийн зарим үйлчилгээний зориулалтаар шилжүүлжээ. Тэр бүх мөнгийг Даниэлс чимээгүй байсны төлөө авсан нь дараа нь илэрсэн. АНУ-д ийм төрлийн хэлцэл хийх нь хууль бус зүйл биш ч Трамп яагаад ч юм албан ёсоор баталгаажуулж, баримтжуулж чадаагүй нь эцэст нь хууль сахиулагчдын анхаарлыг татсан аж. Үлдсэн 33 зүйл анги ч мөн л санхүүгийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэнтэй холбоотой гэнэ.
Трампын өмгөөлөгчдийн нэг Тодд Бланш үйлчлүүлэгчийнхээ бүх яллах дүгнэлтийг нягталж үзсэнийхээ дараа "Ямар ч нотлох баримтгүй, урам хугарахуйц. Бид үүнтэй тэмцэнэ" гэж мэдэгджээ.
Трамп энэ удаад сэтгүүлчдэд хандаагүй байна. Болж буй үйл явдлыг сюрреалист үйлдэл бөгөөд Америкийн Ардчилсан намын үүрдийн застав болох Нью-Йорк хотыг "шударга бус шүүх хурал" хийх газар гэж нийтийн сүлжээндээ тодорхойлж бичжээ. Мөн түүний хэргийг хянаж буй прокурор тушаал биелүүлж, улс төрийн хэлмэгдүүлэлт хийж байна гэжээ.