Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд төрийн хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байгаад хил давж явсан Т.Бадамжунайг өнөөдөр эх оронд нь авчирна. МАН-ын нөлөө бүхий хүн гэгдэх, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Улаанбаатархотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай Филиппинд бүгж байгааг хууль сахиулах байгууллагынхан нэлээд эрт тогтоосон бөгөөд тус улсын цагдаа, прокурорын байгууллагынхан манай талын хүсэлтийн дагуу өчигдөр өглөө Сэбү гэдэг хотоосоо баривчилсан юм. Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр өмнөд хилийн Замын-Үүд боомтоор “УАЗ-469” машинд суун БНХАУ руу гарч, улмаар цаашаагаа дамжин дээрх улсад очсон байдаг.
Түүнийг мөнгө угаасан хэд хэдэн хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд түүнд холбогдуулан шалгасан хэрэг бүртгэлтийн хэргийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15-1 дэх хэсгийн “Тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ” гэх заалтыг үндэслэн Д.Бадамжунайг яллагдагчаар татах тогтоол прокурор баталсан гэх мэдээлэл бий. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболд тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр Филиппиний хуулийн байгууллагынхантай уулзаж хамтран ажиллах хэлэлцээ хийснээр Т.Бадамжунайг хүлээн авч, өнөөдөр Монголд авчрахаар болоод буй юм. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын заалтыг үндэслэн тус улсын талд хүсэлт тавьснаар ийнхүү “Шувуу” ажиллагааг амжилттай эхлүүллээ гэж үзэж болох нь. Түүнийг БНСУ-аар дамжуулан 10.55 цагт “Кореан эйрлайнс” компанийн нислэгээр Монголд авчрах аж.
Т.Бадамжунайг чухам ямар хэрэгт холбогдуулаад байгаа талаар баттай эх сурвалжуудаас тодруулахад “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг гадаадад оронд худалдахад албан тушаалын байдлаа ашиглан оролцож, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн” гэсэн мэдээлэл өгөв.
Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг хэсэг болох “Шувуу”-ны хүрээнд ганц Т.Бадамжунайгаар тогтохгүй авлигын өөр хэрэгт холбогдсон нэг бус хүнийг Монголд ирүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, ашиглаж буй данс зэргийг нь хаах болсноор харийн орноос эх орондоо ирж, хууль сахиулах байгууллагад тайлбар мэдүүлгээ өгөх санаачилга гаргах болж. Тухайлбал, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Э.Пүрэвжав нарын хэргийн нэг холбогдогч Ж.Төгсбаярыг эх оронд нь авчирч буй аж. Тэрбээр Э.Пүрэвжавыг хэрэгт шалгуулж байх үед хил давж явсан нэгэн юм. Түүнээс гадна авлигын өөр нэг хэргийн холбогдогч Болортуяа гэх эмэгтэй ч “Шувуу” ажиллагааны хүрээнд Монголдоо буцаж ирэхээр болоод байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа