Иргэн Э.Одбаярын “Odbayar Demos.mn” нэртэй пэйж хаягт “...Иргэн Э.С-г санаатайгаар дайрч, тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. МАН-ын гишүүн М.Б /ЕС-ын хүн/ хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ...” гэсэн мэдээлэлд дурдагдсан иргэн Д-д холбогдох хэргийг Дорнод аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн,шүүхээр шийдвэрлүүллээ.
Тодруулбал, иргэн Д нь 2021 оны долоодугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С, Т, Ч нарыг тээврийн хэрэгслээр дайрч алахыг завдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн М, О, Э нарын нэр бүхий 9 иргэн бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусадтай зодолдон, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 /Хүнийг алах/, 20.16 дугаар зүйлийн 1 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс тус хэргийг энэ оны гуравдугаар 31-ний өдөр хянан хэлэлцээд, иргэн М, О, Э нарын нэр бүхий 9 хүнийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцон хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, иргэн Д-г олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.