Туркийн Анталья хотод зохион байгуулсан жүдогийн “Их дуулга” тэмцээнд Монголын тамирчид зодоглолоо. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү Бразилын Аманда Лимаг нэмэлт цагт хожиж, хүрэл медаль хүртэв. Түүний дараа тус жинд хүч сорьсон Г.Наранцэцэг Германы Катарина Мензийг вазаригаар ялснаар мөн хүрэл медалийн болзол хангаж, шагналын тавцанд зогсов. Эрэгтэйчүүдээс 66 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Эрхэмбаяр Молдавын Денис Виеру, ДАШТ-ий мөнгөн медальт, Казахстаны Гусман Киргизбаев, ДАШТ-ий хүрэл медальт, Израилын Тал Фликкер нарыг хожиж, аваргын төлөө зодоглохоор шалгарсан. Тэрбээр энэ удаа Францын Максим Гобертэй учраа таарч ялагдсанаар “Их дуулга”-аас хоёр дахь мөнгөн медалиа зүүв.
Хоёр дахь өдрийн барилдаанд Токиогийн олимпын хүрэл медальт, “Ташкент-2022” ДАШТ-ий аварга, Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар Францын Орландо Казорла, Гүржийн Лука Капаназе, Азербайжаны Нурлан Османов нарыг ялсан. Тэрбээр хагас шигшээд Германы Игор Вандткег нэмэлт цагт илүүрхэн, аваргын төлөө 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Италийн Мануэль Ломбардотай хүч үзлээ. Уг өрсөлдөөнд тэрбээр ялагдаж, мөнгөн медаль зүүсэн юм. Ц.Цогтбаатар Антальягийн дэвжээнээс 13 дахь медалиа (тус бүр дөрвөн алт, мөнгө, таван хүрэл) хүртсэн нь энэ. Манай жүдочдын өрсөлдөх дараагийн том тэмцээн нь Катарын Доха хотод ирэх сарын 7-11-нд болох ДАШТ аж.