Хатгал тосгоны захирагчийн ажлын алба болон иргэд “Хүзүүвчийн шил болон Овоот уулнаас буусан шар ус Хатгал тосгоны 1, 2 дугаар хорооны айл өрхийн хашаа, жорлон руу орж, улмаар Хөвсгөл нуур руу цутгаж бохирдуулах эрсдэл үүсээд байна” гэх мэдээллийг энэ сарын 29-ний өдөр албаныханд хүргүүлжээ. Улмаар Хатгал тосгоны захирагчийн алба, Онцгой байдлын гал унтраах, аврах 069-р ангитай хамтран нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан талаар Хөвсгөл нуурын Эгийн голын сав газрын захиргаанаас мэдээллээ. Тус газраас энэ талаар "Үүссэн нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх, холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар сум орон нутгийн удирдлагууд болон Онцгой байдлын албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа. Мөн үерийн уснаас Хөвсгөл нуурт цутгаж байгаа хэсгээс дээж авч аймгийн Цаг уур орчин шинжилгээний газрын лабораторийн шинжилгээнд хамруулаа" гэж мэдээлэв.