Нийслэлийн хэмжээнд явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамж, орц гарцуудыг нэмэгдүүлэх, орчны аюулгүй байдал, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор зарим байршилд гарааш буулгах ажлыг холбогдох албаныхан хэрэгжүүлж буй. Чөлөөлсөн газарт ногоон байгууламж бий болгохоос гадна нийтийн эзэмшлийн зориулалтаар бүтээн байгуулалт хийж тохижуулна гэдгийг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлж байв. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд гарааш буулгасан газрыг хашин, барилга барихаар зэхэж байжээ. Энэ талаар нэгэн иргэн нийгмийн сүлжээнд “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах гараашуудыг зогсоол буюу нийтийн эзэмшлийн талбай болгоно гээд буулгасан. Гэтэл хашаа татаад, барилга барих нь ээ. Хувийн өмчийг нураачихаад, хэн энэ газрыг нь аваад зарчихав аа” гэсэн байв. Тус хорооны Засаг дарга Д.Отгонбурамаас энэ талаар тодруулахад “Уг газарт манай оршин суугч иргэн зөвшөөрөлгүй хашаа бариад үйл ажиллагаа явуулах гэж байсан. Тухайн хүнд өчигдөр шаардах бичиг хүргүүлж, хашааг нь буулгахаар болсон” гэв.