Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 12 багц ажлын 49 төсөл хэрэгжүүлж байна. Тодруулбал, авто замын сүлжээг өргөтгөх, зам, замын байгууламжийг шинэчлэх, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтаар тусгай замын BRT, хөнгөн галт тэрэг LRT-г нэвтрүүлэх зэргээр авто замын ачааллыг бууруулахаар зорьж буй. Төлөвлөсөн нийт арга хэмжээний 60 гаруй хувь нь он дамжин хэрэгжих бол үлдсэн 40 орчим хувийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна.
Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын ухаалаг систем нэвтрүүллээ
• Тээврийн хэрэгслийн хяналт, бүртгэл, зохицуулалтын RFID систем, улсын дугаар таних LPR камерын систем нэвтрүүлэв.
• Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний Smart Car системийг нэвтрүүлж буй.
• Мөн RFID tag буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж байна.
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг 20 хувиар нэмэгдүүллээ
• Түгжрэлийг бууруулах багц ажлын хүрээнд цэцэрлэгийн зориулалттай 23 барилгахудалдан авч, 128 барилгыг түрээсэлсэн.
• Цэцэрлэгийн өргөтгөл, барилга, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 214 төсөл, арга хэмжээг санхүүжүүллээ.
• Ингэснээр 2021-2022 онд 76 хувьтай байсан цэцэрлэгийн хамрагдалт 2022-2023 оны хичээлийн жилд 90.2 хувь болж, 20 орчим хувиар нэмэгдээд байна. Ирэх онуудад шинээр 11 цэцэрлэг, долоон сургууль, есөн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж ашиглалтад оруулах юм.
Бүтээн байгуулалтад шаардлагатай 648 нэгж талбарыг чөлөөлөв
• 2022 онд авто зам, сургууль, цэцэрлэг, инженерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалт хийхэд шаардлагатай газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн.
• Одоогоор 519 нэгж талбарыг нөхөх олговортойгоор, 129 нэгж талбарыг трассаас гаргаж буюу нөхөх олговоргүйгээр, нийт 648 нэгж талбарыг чөлөөлөв.
• 2022 онд 19 сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийг бүрэн хийж дуусгасан бол гурван сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлт 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
• Авто зам, замын байгууламжийн 400 нэгж
талбар, сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтын хүрээнд 140 иргэн, хуулийн этгээдийн, инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх хүрээнд 28 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөллөө.
Авто зам, гүүрэн байгууламжийг шинээр барьж эхэллээ
• Авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэхүйц замуудыг судалж, эхний ээлжид 11 байршилд 17.15 км гол болон туслах гудамж зам, 963.7 урт метр гүүр шинээр барих ажлыг 2022 оноос эхлүүлээд байна.
• 2022 онд дөрвөн байршлын авто замыг барьж, ашиглалтад оруулсан.
• 2023 онд нийт долоон байршилд зам, замын байгууламжийн ажлыг үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд 12.1 км авто зам тавьж, 872.1 урт метр төмөр бетон гүүр хийх юм.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлэв
• Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2022- 2024 онд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 80 хувьд парк шинэчлэл хийх буюу 1134 автобус шинээр оруулж ирэхээр төлөвлөсөн.
• 2023 оны нэгдүгээр улиралд 224 автобусаар парк шинэчлэл хийн, өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 106 чиглэлд 998 автобус үйлчилгээнд явуулж байна.
• Мөн сургуулийн зориулалттай автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Тодруулбал, 2019 онд сургуулийн 25 автобус, 2023 онд сургуулийн 50 автобус шинээр оруулж ирсэн.
Иргэдийн явган алхах, дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлнэ
• Хамгийн их нягтаршилтай бүс болох Их тойруу, Бага тойрууд иргэдийн явган алхах, дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлэх үүднээс явган хүний болон дугуйн замыг шинэчлэн сайжруулж буй.
• Одоогоор 13 байршилд 17 353 ам метр явган болон дугуйн замыг шинэчлэн сайжруулаад байна. Ингэхдээ явган хүний замыг 2.5-3, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулсанюм.
• 2023 онд уг ажлаа үргэлжлүүлэн, 20 байршилд явган болон дугуйн зам, талбайг засаж сайжруулахаар төлөвлөжээ.
2023-2024 онд эдгээр ажил үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, их багтаамжийн авто зогсоолуудыг шинээр барих, зогсоолын менежментийг сайжруулах, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, олон тулгуурт нийтийн тээврийг хөгжүүлэн, замын хөдөлгөөний ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлнэ.