Урд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий этгээд болох Ука хочит Л.Алтанхуягийн захиалснаар Хулнаа хочит Б.Хулансамбуу, Ууганаа хочит Б.Ууганзаяа, Сайхнаа хочит П.Энхсайхан нар нь бүлэглэн энэ оны гуравдугаар сарын 05-07-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий иргэний Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах 2 орон сууцны эзэмших гэрээг хүч хэрэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлж, өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүний гэр болон тээврийн хэрэгслээс 4 ширхэг хутга, хийн гар буу болон ангийн зориулалттай сум, амьсгал боогдуулагч зэргийг хураан авсан.
Ука хочит Л.Алтанхуяг нь өмнө нь 2009-2021 онд ЭХТА-ийн 147.2 /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 17.2.3.2 /Бусдын эд хөрөнгийг авахаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх/, 20.4.1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/ зэрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан аж.
Мөн “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Майробалан” ХХК-ний ажилчид, жолооч нар руу 2023 оны 02 дугаар сарын 12-ноос 14-ны өдрүүдэд 20 гаруй гэмт этгээдүүд дайрч довтлон, айлган сүрдүүлэн заналхийлсэн” гэх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх үйлдэлтэй холбогдуулан Ука хочит Л.Алтанхуяг нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий 17 иргэдтэй “Андын Илч” ХХК-ний өмнөх захирал О.Энхбаяр болон түүнтэй хамт очсон “Шонхор тас” ХХК-ний ажилчидтай маргаан үүсгэх, уурхайн талбайд байгаа техник, тоног төхөөрөмжийг өмнөх захирал О.Энхбаярт олгуулахгүй байх зорилгоор очиж, зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс ашиглаж айлган сүрдүүлж, заналхийлсэн гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тухайн үйл явдал нь 2023.02.12-14-ний өдрүүдэд болсон.