Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон, ЗТХЯ болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаад, зарим хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байна. Тухайлбал, тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ болон Хонконгийн “Cathay Pacific” авиа компанийн 216 зорчигчтой онгоцыг алан хядагч барьцаалах үед үйлдлийг нь таслан зогсоосон хэмээн хэвлэлд бичиж байсан, “Альфа аcceтменежмент Монголиа” компанийн захирал, Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч зэрэг албан тушаал эрхэлж байсан З.Буяннэмэх нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Х.Оргил-Эрдэнэ нь дээрх албан тушаалыг хашиж байхдаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд барихаар болсон Улаанбаатар-Дархан-Уулчиглэлийн 204.11 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдсон аж. Энэ үедээ Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.53 км замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг шалгаруулсан юм байна.
Ингээд З.Буяннэмэх эхлээд гурван сая төгрөг өгснийг “халаасалсан” гэнэ. Дараа нь “Лексус RX-350” загварын автомашиныг найз Б.С-ийнхөө нэр дээр авсныг хууль сахиулагчид тогтоосон аж. Уг нь “Чайна гео инженеринг корпорац” ХХК нь тендерийн шалгуур хангахгүй байж. Тодруулбал, тус компанийнхан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 50 км зам барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас төрд 10.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан. ЗТХЯ-наас уг аж ахуйн нэгжийн эсрэг зарга мэдүүлж, маргааныг нь шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад З.Буяннэмэхийн оролцоотойгоор Х.Оргил-Эрдэнэ тэргүүтэй албан тушаалтнууд хахууль авч шалгаруулсан билээ.
Төрийн албан тушаалтанд хахууль өгсөн Заяабаатарын Буяннэмэх “Чайна гео инженеринг корпорац”- ыг ийнхүү шалгаруулснаар өөрийнхөө эзэмшлийн “Даблью экс пи” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлийг бий болгосон гэнэ. Тэрбээр “Блюмон” оффис дахь “Даблью экс пи” компанийн албан өрөөндөө Х.Оргил-Эрдэнэтэй 2019 оны тавдугаар сарын сүүлчээр уулзаж, эхний хахуулийн мөнгөө бэлнээр өгсөн аж.
ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ дээрх чиглэлийн замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км замын ажлыг гүйцэтгэгч “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн захирал Лиу Хоннианаас 2019 оны арванхоёрдугаар сард 20 000 юанийн хахууль авсан үйлдэл дээрээ баригдаж, 14 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа