Тайваньд зохион байгуулсан “Tour de Taiwan” олон улсын олон өдрийн уралдаанд Монгол Улсын дугуйн шигшээ, Малайзын “Теренгану полигон” мэргэжлийн багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамцын багийнхан амжилттай хурд сорьж, аварга болжээ. С.Жамбалжамц таван өдрийн уралдааны нийлбэр дүнгээр 15 дугаар байр эзэлж, Азийн шилдэг гурван дугуйчны нэгээр шалгаран, Монголын дугуйн холбоонд Парисын олимпын эрх авах нийт 11 оноо авчирсан байна. Түүний дараагийн тэмцээн Тайланд улсад ирэх сарын 1-6-нд болох “Тour of Thailand” олон өдрийн уралдаан юм. Тэрбээр тус тэмцээнд 2021 онд түрүүлж байв. Дугуйн спорттой холбоотой өөр мэдээ нэгэн дуулгахад, “Ferei Mongolia” шигшээ багийн тамирчдын хувьд 2023 он олимпын эрхийн оноо цуглуулах хамгийн хариуцлагатай жил. Тэд БНХАУ-ын Шиамэн хотод 21 хоногийн нэгдсэн бэлтгэлд хамрагдаж, ирэх сард зохион байгуулах “Tour of Vietnam”, “Chengdu Tiangfu” олон улсын тэмцээн, тавдугаар сарын 4-6-нд Азийн АШТ-ий сорил уралдаанд оролцох нь.