Дижэй, аялагч Амай гэх нэрээр нь хүмүүс мэддэг болсон Ж.Золбаярыг мансууруулах бодистой холбоотой хэрэгт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан шалгаж байна. Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг, “Нисдэг машин” автомашины сэлбэг хэрэгсэл, тоноглолын худалдааны төвийн ойролцоох гэртээ түүнийг мансууруулах бодис хэрэглээд байна гэсэн мэдээлэл энэ сарын 24-нд цагдаагийнханд ирсэн аж.
Үүний дагуу очиж шалгахад Ж.Золбаяр сэтгэцэд нөлөөт бодис болох өвс олж аван, хадгалаад зогсохгүй өөрөө хэрэглэсэн байжээ. Түүнээс биологийн дээж авч шинжлээд хэрэглэсэн гэдгийг нь тогтоосон гэнэ. Өдгөө ШШҮХ-гийнхнээр нарийвчилсан шинжилгээ хийлгэж буй аж. Харин Ж.Золбаяр “Би энэ бодисыг эрүүл мэндийн шалтгаанаар хэрэглэдэг” гэсэн утгатай мэдэгдэл хийж, өлсгөлөн зарлаж буйгаа илэрхийлээд зогсохгүй УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байна хэмээсэн байв. Түүний хэрэглэсэн, олж авч хадгалсан гэх бодис нь Сэтгэцэд нөлөөт бодисын тухай 1971 оны НҮБ-ын конвенцын хоёрдугаар жагсаалтад орж, хориглосон байдаг юм.