УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг улс төрд нөлөө бүхий төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболдыг “нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. НПГ-аас түүнийг яллагдагчаар татаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн аж. Гэвч тус шүүхийн шүүгч Б.Батсайхан таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзсан нь олон хүний хардлага дагуулж буй юм.
З.Энхболдтой холбоотой гэгддэг “Страто” ХХК-ийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт шалгагдаж буй бөгөөд З.Энхболд төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгуулсан хэмээн буруутгагдаж буй.
“Нүүрсний” гэх хэрэгтэй холбоотой өөр нэг мэдээллийг хүргэе. Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь боомтын Хилийн шалган нэвтрүүлэх албаны орлогч даргаар ажиллаж байсан О.Түмэнцогт, тус боомтын Гаалийн газрын улсын байцаагч Ц.Түвшинжаргал, Д.Баттогтох, Д.Удвалцэцэг, Э.Батбаяр тэргүүтэй 22 хүнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. Дээрх албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан “Тэнгри транс групп”, “Гранд импорт”, “Бүрэн транс ложистик”, “Бейбен транс”, “Банч транс”, “Нямхишиг транс”, “Эко глобал ложистик” зэрэг 18 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нүүрс тээвэрлэж явсан тээврийн хэрэгслүүдийн гаргасан зөрчилд арга хэмжээ аваагүй, хүнд даацын автомашинуудын мэдээллийг нөхөж бүртгэсэн, дарааллын журам зөрчиж тээвэр хийх зөвшөөрөл олгосон, хилийн бүсэд зогсоож бусдад давуу байдал олгон, хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгасан юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа