Казахстан улсын Шымкент хотод зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнд “Хан-Монгол” морьт холбооны тамирчин Ц.Тэмүүжин, Б.Отгон-Өлзий нар эх орноо төлөөлөн оролцлоо. Манай тамирчдаас Б.Отгон-Өлзий тус тэмцээний морьдоос хамгийн шандастайг нь сонгож, 99 метр замыг зургаан секундэд туулан, турк байны төрөлд (табла) түрүүлж, аваргаар тодорчээ. Тэгвэл Ц.Тэмүүжин удаалж, мөнгөн медаль хүртсэн байна. Эдгээр амжилтаараа Монголын морьт харваачид нийлбэр дүнгээр IV байрт шалгарсан аж. Тэд өмнө нь Монголд өнгөрсөн оны есдүгээр сард болсон “Хийморь” олон улсын морьт харвааны наадамд дөрвөн орны харваачидтай өрсөлдөхдөө унгар, турк харваа, үндсэн таван байны төрөлд тус бүр тэргүүлж, багийн төрөлд удаалж байсан юм.