Дэлхийн өнцөг булан бүрт суугаа үзэгчдийг догдлуулж, нэгэн дээвэр дор нэгтгэдэг багийн спортоос хоккей хамгийн сонирхолтой нь. Монголын үе үеийн хоккейчдын мөрөөдлийг биелүүлж, мөсөн өргөөнд шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ өчигдөр эхэллээ. Монгол Улс хоккейн спортын 60 жилийн түүхэнд эх орондоо тив, дэлхийн тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй нь энэ. Хөгжөөн дэмжигчид хоккейн ертөнцөд юу өрнөж, мөсөн талбайд тамирчид хэрхэн “тэмцэж” амжилт гаргадгийг ийнхүү дэргэдээс нь харах боломж бүрдсэн юм. Гурав хоног үргэлжлэх тус тэмцээнд Монгол, Филиппин, Индонез, Кувейт гэсэн дөрвөн улсын баг оролцож буй. Нээлтийн тоглолтын салхийг хагалж, Филиппин, Индонезийн шигшээ багийнхан өрсөлдөв. Тайван, нанчилдаангүй өрнөсөн уг тэмцээндФилиппиний 25 дугаартай тоглогч өрсөлдөгчийнхөө хаалганд гоол хийснээр эхэллээ.
Тэднээс 61 дугаартай тоглогч 2, 3 дахь гоолыг ч ядах юмгүй оруулж, онооны харьцааг 4:0 болгосноор багтаа хожлын салхийг эргүүлсэн. Индонезийн багийн тоглолт “давсгүй”, дамжуулалт, холболт, довтолгоо, хурд нь сул байв. Товчхон хэлбэл, тэднээс нэгдмэл уур амьсгал, ялах зорилго төдийлөн харагдсангүй. Филиппиний тамирчид 19 удаа довтолсноос дөрвийг нь амжилттай гүйцэтгэн, I үеийн тоглолтыг өндөрлүүлэв. II үеийн тоглолт эхэлсэн даруйд тус багийн ахлагч, долоо дугаартай тамирчин 5, 6 дахь гоолыг орууллаа. Улмаар 25 дугаартай тоглогч долоо, 61 дугаартай тамирчин найм, гурав дугаартай тоглогч ес дэх гоолыг хийснээр эсрэг багийнханд довтлох боломж олдсонгүй. Тоглолтын явцад Индонезийн багийнхан хаалгачаа сольсон ч амжилт гаргажчадсангүй. III үеийн тоглолтод Индонезийн тамирчдаас нэг нь торгуулийн суудалд шилжиж, тавуулаа тэмцээнийг үргэлжлүүлсэн. Ийнхүү филиппинчүүд онооны харьцааг 14:0 болгосноор ДАШТ-д анхны ялалтаа байгуулав. Тус багийнхнаас долоо, Индонезийн шигшээгээс 90 дугаартай тоглогч шилдгээр шалгарлаа. Сонины дугаар шилжих мөчид Монгол, Кувейтийн багийн тоглолт хараахан эхлээгүй байлаа.