Монгол Улсын аймаг, сумдын хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн 448 сая ам.долларын санхүүжилттэй хөрөнгөоруулалтын хөтөлбөр баталснаа Азийн хөгжлийн банкнаас мэдээллээ. Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын уг хөтөлбөр нь хот, хөдөөг холбон хөгжүүлэх загвар бий болгох ач холбогдолтой аж. Түүнчлэн аймаг, сумдын төвийг тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгч ихээр шингээх чадвартай бэлчээрийн менежментийг дэмжсэн бизнесийн төв болгох зорилготойг дээрх банкнаас дурдлаа. Энэ талаар АХБ-ны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Арно Хекман “Монголын нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, Улаанбаатарлуу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бууруулах, нүүрстөрөгч шингээдэг байгалийн нөөцийг нөхөн сэргээх зорилготой энэхүү хөтөлбөр нь нийгэмд тулгарч буй олон талт сорилтуудыг шийдвэрлэх туршилт болох юм. Цаашид уг хөтөлбөрийг улсын хэмжээнд болон олон улсад нэвтрүүлэх төлөвлөгөө бий” хэмээв.
Эхний ээлжид баруун бүсийн аймгуудад хэрэгжүүлэх дээрх хөтөлбөр нь малчдын бүлгийг дэмжин, тэднийг тогтвортой мал ажахуйн болон хөдөө ажахуйн менежментийн арга туршлагад сурган, чадавхжуулах юм байна. Сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгчийн ялгарал багатай шийдлүүдийг орон нутагт нэвтрүүлж, аймаг, сумдын төвийг амьдрахад таатай, хөдөө аж ахуй, ногоон бизнес, нэмүү өртгийн сүлжээний төв болгон хөгжүүлэх боломж бүрдүүлэх гэнэ. Мөн дээрх зорилтуудыг биелүүлэхэд чиглэсэн хөдөө аж ахуйн бизнесийн сан байгуулах аж. Уг сан нь хөдөө аж ахуйн бизнес эрхэлдэг жижиг, дунд үйлдвэрүүдэд тулгарч буй санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэхэд чиглэсэн олон талт санхүүгийн механизм болон институц зэргийг бий болгохыг АХБ-наас мэдээлэв.