Олон улсын тээврийн форумын (ОУТФ) SIPA хөтөлбөрийн Монголыг хариуцсан төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” төслийн үр дүнгээ өчигдөр танилцууллаа. Эл төслийн хүрээнд авто замуудыг судлан, Улаанбаатарын зорчигч тээврийн нөхцөл байдлыг тодорхойлж, нийтийн тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга зам, нүүрстөрөгч багатай тээврийн төрлүүдийг нэвтрүүлэх боломжийг эрэлхийлжээ. Нийслэлд ашиглаж буй тээврийн хэрэгсэл, хөдөлгүүрийн төрлийг өөрчлөхгүй бол хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ 2050 он гэхэд одоогийнхоос 50 хувь нэмэгдэх аж. Харин зөв бодлого хэрэгжүүлбэл 40 хүртэл хувиар багасгах боломжтойг дээрх төслийнхөн мэдээллээ. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд эхний ээлжид хүн амын төвлөрлийг сааруулах шаардлагатайг ОУТФ-ын ерөнхийлөгч Ён Тэ Ким онцлов. Тэрбээр “Тээврийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх нь чухал. Мөн богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, олон талын саналыг тусган, дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй” гэв. Тэгвэл Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Евроазийн хэлтсийн дарга Виллиам Томпсон “Улаанбаатар хотын бодлогын тухай асуухад хэн ч нэгдсэн мэдээлэл өгдөггүй. Зам, барилга, орон сууц гэх зэргээр салбар бүрийн асуудлыг дэвшүүлдэг. Хот гэсэн цогц ойлголтгүй, нэгдсэн бодлогогүй санагдсан. Хотыг хэт тэлэхээс сэргийлэх ёстой байтал хэрэгжүүлж буй бодлого нь хот өргөжихийг дэмжиж байх жишээтэй. Иймд хотын бодлогыг нэг цогцоор ойлгож, газар ашиглалт, татвар, үйлчилгээ нь харилцан уялдаатай байх нөхцөл бүрдүүлэх нь зүйтэй” гэсэн юм. Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 он гэхэд нийслэлд тээврийн хэрэгслээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг манай улс 22.7 хувь бууруулах амлалт авчээ. Иймээс 2021-2023 онд цахилгаан 50, сүүлийн үеийн 80 автобус оруулж ирсэнбилээ. Ирэх онд эдгээрийг нэмж 800 болгохоор зорьж буйг ЗТХЯ-наас дурдлаа.