Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ иргэн Т.Даргерын гэрт зочиллоо. Т.Даргерын хүү Д.Багдаулет нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, ИБУИНХУ-ын Бристолын их сургуульд барилгын инженер мэргэжлээр элсэн суралцаж байгаа юм. Д.Багдаулет Өлгий сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг 2021 онд төгссөн. Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн төрөлд 758, англи хэлний төрөлд 800 оноо авч, дундаж оноогоороо сум, аймгаа тэргүүлэн, улсын хэмжээнд хоёрдугаар байрт жагссан амжилт үзүүлсэн юм. Мөн орон нутгаас англи хэлний шалгалтаар бүтэн оноо буюу 800 оноо авчээ.
Ерөнхийлөгчийг Д.Багдаулетийн аав Т.Даргер, ээж Ш.Перизат болон гэр бүлийнхэн нь угтан мэндчилж, Наурызын баярын мэнд хүргэлээ. Т.Даргер отгон хүү болох Д.Багдаулет нь өөрийн хүссэн мэргэжлээр олон улсын шилдэг их сургуульд элсэн суралцаж буйд баяртай байгаагаа хэлж, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн ачаар олон хүүхэд, залуус гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсонд талархал илэрхийлэв. Монгол Улсын нэрийг өндөрт өргөж, Ерөнхийлөгчийн гардуулсан Төрийн далбааг ёс төртэй хадгалж, амжилттай суралцахыг хүүдээ захисан гэдгээ энэ үеэр хэлж байлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан залуус хилийн чанадад өндөр боловсрол эзэмшин, Монгол Улсын ирээдүйд үнэ цэнтэй боловсон хүчнийг бүрдүүлнэ гэдгийг онцлов.
Ташрамд дурдахад, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд ИБУИНХУ-д 29, дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Бристолын их сургуульд 15 монгол оюутан суралцаж байна.
Бэлтгэсэн: У.Наран