Иргэн Д нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан иргэн Ч.А-гийн эзэмшлийн өвөлжөөн дэх блокон хашааг нурааж, өвөлжөө рүүгээ зөөвөрлөсөн байна.
Прокуророос иргэн Д-г өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай "KIA Bongo” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Ч.А-гийн эзэмшлийн өвөлжөөн дэх блокон хашааг нурааж, блокыг өөрийн өвөлжөө рүү зөөвөрлөж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд "хулгайлах” гэмт хэргийг бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд тусгайлан зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгохоор хуульчилсан ба шүүхээс шүүгдэгч Д-г машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Уг гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хуульд заасны дагуу улсын орлогод оруулахаар хуульд заасан.
Шүүгдэгч Д-г хүнд гэмт хэрэг үйлдсэн хэдий ч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангид заасныг журамлан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хуульд заасны дагуу улсын орлогод оруулахаар шийдвэрлэв