Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд хамаардаг бөгөөд 1995-2009 онд нийт 600 гаруй сулавтар хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд төвийн зургаан дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ 22-48 хувьтай, гэр хороололд 81 хувьтай хэмээн тооцоолсон нь бий. Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах хүрээнд барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж буй.
Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нээж үг хэллээ.
Тэрбээр, “Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн зургаан хагарал, хотын төвд нэг хагарал байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц аюул учрах магадлал өндөр байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт нийт 335,105 барилга байгууламж байна. Эдгээр барилгын чанар стандартын шаардлага хангаж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хандан 2021-2022 онд иргэдээс ирүүлсэн нийт гомдлын 75.2 хувь нь барилга байгууламжийн чанар аюулгүй байдал, барилгын норм дүрэм зөрчиж буйг шалгуулах, барилга байгууламжийн зориулалтыг хянуулах, барилга байгууламжийн ажлыг зогсоох тухай байсан. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг чанд мөрдөөгүйгээс эхлээд барилгын ажлын угсралт, улсын комисст хүлээн авах хүртэлх бүх үе шатанд хууль, журам, норм дүрэм зөрчигдсөөр байна. Тиймээс эдгээр тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шийдэл олоход бүх талын оролцоог хангахаар энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна гэлээ.