Дэлхийн усны өдрийн хүрээнд Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ сарын 24-нд зохион байгуулах гэж буй “Цэнхэр алт” үндэсний чуулган “Газрын доорх нөөц ба тулгамдсан асуудал” салбар хуралдаанаар өчигдөр эхэллээ. Байгаль, цаг уурын нөлөөгөөр дэлхий дахинд усны нөөц эрчимтэй хомстож буй нь улс орнууд энэ асуудалд дорвитой анхаарч, арга хэмжээ авах шалтгаан болж байгааг салбарын эрдэмтэд онцлов. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд олон тооны гол, мөрөн, нуур, тойром ширгэжээ. Зөвхөн 2022 онд 176 гол, мөрөн, 773 булаг, шанд, 345 нуур, тойром, 12 рашаан ширгэж, үгүй болсон гэсэн статистикийг Усны газраас гаргасан байна. Иймд уст цэгүүдээ хамгаалах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх зорилтот ажлын хүрээнд ой болон усны салбарын бодлогыг уялдуулах, тэр дундаа гүний усны хэрэглээг зохистой хэмжээнд барих шаардлагатайг хөндөв. Судлаач, мэргэжилтнүүд газрын доорх усны талаар төрөөс баримтлах бодлого, стратегийн зорилт, өрөмдлөгийн ажлын стандарт, нормыг шинэчлэх шаардлага, Монгол орны ус хангамжийн одоогийн нөхцөл зэрэг сэдвээр эхний өдөр илтгэл хэлэлцүүлэв. Мөн “Оюутолгой” ХХК-ийн усны менежмент, сайн туршлагаас хуваалцлаа.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дэх салбар хуралдаантай зэрэгцээд ШУА-ийн төв байранд “Монгол орны ундны усны чанарын судалгаа, ногоон хөгжлийн сэргэлт” эрдэм шинжилгээний хурал болов. Үүнийг тус академийн Техник, технологийн салбарын бага чуулганаас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороотой хамтран зохион байгуулсан юм. Энэ хоёр байгууллага өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсын хэмжээнд ундны усны чанарын судалгаа хийж, мэдээллийн сан үүсгэжээ. Нийт 3582 уст цэгээс дээж авч шинжлэхэд 2216 нь унданд шууд хэрэглэх боломжтой, үлдсэн нь чанарын шаардлага хангахгүй, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай байжээ. Мэргэжилтнүүд уг судалгааны үр дүнд үндэслэн боловсруулсан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байгаагаа энэ үеэр хэллээ.