БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран 21 аймаг, Нийслэлийн БОАЖГ-ын дарга нар болон Биологийн олон янз байдал, амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн 50 гаруй албан хаагчдыг хамруулан “Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах талаар төрөөс баримталж буй бодлого, хууль, эрх зүйн орчин болон зэрлэг амьтан аврах, асран хамгаалах арга аргачлал, зэрлэг амьтанд үзүүлэх мал эмнэлгийн үйлчилгээ, олон улсад хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар хэлэлцэх уулзалт, семинарыг зохион байгууллаа.
Сургалтад доктор, профессор Х.Тэрбиш (МУИС, зөвлөх профессор), доктор, профессор Р.Самъяа (МУИС, зөвлөх профессор), доктор, дэд профессор С.Шар (МУИС, багш), Ж.Гэрэлтуяа (ХААИС, багш) нар оролцсон.
Уулзалт, семинарын үеэр Засгийн газрын 2022 оны 19 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам”, “Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон “Анчны үнэмлэх олгох тухай” журмын төслийг хэлэлцүүлж салбарын мэргэжилтнүүдийн саналыг авав.
Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар салбарын мэргэжилтнүүд энэ чиглэлийн үйл ажиллагааг орон нутгийнхаа онцлог, нөхцөл байдалд тохируулан зохион байгуулах идэвх санаачилгыг бий болгох, мэдлэг, чадвараа сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой.