Шайбтай хоккейн 18 нас хүртэлх насныхны Ази, Номхон далайн орнуудын АШТ “Степпе арена”-д үргэлжилж байна. Маргааш өндөрлөх тус тэмцээний III тойргийн тоглолтуудаас Монгол, Узбекистаны багийнхан тун сонирхолтой, ширүүхэн “ХОККЕЙ Монголын тамирчид Тайландын багтай тоглоно тулаан” өрнүүлэв. Зургаан орны хоккейчдоос тэд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь. “Урьдчилсан финал” гэж нэрлэсэн ч болох тус тоглолт дөнгөж эхлэхэд эсрэг багийнхан хаалганд гоол оруулсан нь түрүүлэх зорилготой монголчуудын шарыг хөдөлгөж, мөсөн дээр гал асаав. Манай тамирчид ч ана мана өрсөлдөж, оноог тэнцүүлсэн ч өрсөлдөгч багийн 88 дугаартай тоглогч дахин гоол оруулж, 2:1-ээр I үеийн тоглолтыг өндөрлүүлсэн юм. Монголын хоккейчдоос энэ удаа Ираныг 5:0, АНЭУ-ыг 10:2-оор буулгаж авсан шиг эрч хүч, зориг харагдсангүй. Тэд сандарч яаран, узбекистанчуудаас дөлсөн маягтай тоглов. II үеийн тоглолтод хоёр багийнхан оноог мөн л 4:4 болгож тэнцээгээр дуусгасан. Тус тоглолтод М.Чинзолбоо хоёр, Д.Лхагвадорж, Б.Мөнхманлай нар тус бүр нэг гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсныг дурдах нь зүйтэй. Тоглолтын явцад Узбекистаны багийнхан манайхны сэтгэл зүйн байдлыг анзаарч, хаалга руугаа ойртуулах боломж олгохгүйг хичээж байлаа. Мөсөн талбайн гол хэсэгт өрнөх тэмцлийг Узбекистаны хаалгач тайван гэгч нь харж, өөдөөс ирсэн шайбыг хааяа нэг хамгаалсан шигээ зогссон. Тэднээс хожлын салхийг багтаа нэг бус удаа эргүүлсэн 88 дугаартай тоглогчийн уран хууралт, 45 дугаартай тамирчны дамжуулалтыг манайхан хичээгээд ч зогсоож дийлэхгүй байв. III үеийн тоглолтод узбекистанчууд илт илүүрхэн, дасгалжуулагчдынхаа зөвлөснөөр хүчтэй довтолж, тактикийн дагуу манайхныг буулгаж авах “нууц хөзрөө” дэлгэснээр гоолынхоо тоог ахиулсан. Тоглолт дуустал бүхнээ гаргаж, эцсээ хүртэл тэмцсэн хамгийн хүчтэй өрсөлдөгчөө тэд 4:7-гоор хожиж, аваргаар шалгарах боломж бүрдлээ. Тоглолтын шилдгээр Узбекистаны шигшээгээс хаалгач нь, Монголын багаас Б.Билгүүн шалгарав. Манайхан сүүлийн тойрогт Туркменистан, Тайландын шигшээгийнхэнтэй тоглохоор учраа таарсан. Гэхдээ тэмцээн өндөрлөх болоогүй, тойргийн тоглолт ч дуусаагүй байна.