Улаанбаатарт Шинэ тойрог зам төсөл хэрэгжүүлнэ. Тус төсөл нь зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан Улаанбаатар хотыг тойрсон дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий 93 км тойрог замаас бүрдэх юм. Тодруулбал, хойд тойрог зам нь 43 км, урд хэсгийн зам нь 33 км бөгөөд зургаан эгнээ байна. Харин тойрог замыг босоо чиглэлд холбох 17 км замыг дөрвөн эгнээ байхаар төлөвлөжээ. Мөн хойд тойрог замын зурвас газрын өргөнийг гурван хувилбараар сонгож, нөлөөлөлд өртөж буй нэгж талбарын тоо, газар чөлөөлөхөд шаардлагатай нөхөн олговрын төсөөллийн үнэлгээ гаргажээ. Түүнчлэн зурвас газрын дагуу шинээр газар олгох, эдэлбэр газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, барилга барих, барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй аж.
Үүнээс гадна Хаягжуулалтын тухай хууль 2013 онд батлагдаж, үүний дараагаар журам, стандарт батлагдсан. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас Монгол Улсын хэмжээнд хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 330 суманд хэрэглээнд нэвтэрчээ. Өмнө нь хаягийн нэгдсэн стандартгүй, олон байгууллага хаяг олгодог байсан бол өдгөө нэгдсэн стандарттай, нэг системээр олгох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Нийслэлийн хэмжээнд хаягийн системийг 2018 онд гүйцэтгэсэн боловч ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсжээ. Учир нь зарим мэдээлэлд алдаа гарсан болон 2018 оноос хойш шинээр олгосон нэгж талбаруудад гудамж зураглаагүй, хаяг, дугаар олгоогүй байна. Иймд судалгаа, тодруулалтын ажлыг гүйцэтгэх, зураглаагүй гудамжийг шинээр зураглах, шинээр зурагласан гудамжны эхлэл, төгсгөлийг тодорхойлох, нэгж талбарын орц, гарцыг шалгах, засварлах, хаягийн мэдээллийн системд өгөгдөл, мэдээллийг засварлах шаардлагатай байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 457 мянган нэгж талбар байгаагаас хаягийн системд холбогдсон нь 219 мянга байгаа бол 50 гаруй хувь буюу 238 мянга нь холбогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл, хаягжуулалт нийслэлийн хэмжээнд тулгамдсан асуудал. Үүнээс болж хаяг олддоггүй, түргэн, тусламжийн машин явахад, цахимаар үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсдэг. Хаягжуулалтын мэдээллийн сан үүсгэх ажил удаан хугацаанд зогсонги байдалтай байгаа юм. Цаашид гудамж, замын мэдээллийг бүрэн бүтэн зурагласан эсэхийг тодорхойлж, дутуу зурагласан гудамж, замыг зураглах, алдаатай дугаарласан гудамжны нэрийг шалгах, засварлах, гудамжны эхлэл, төгсгөлийн цэгийг тодорхойлох шаардлагатай аж. Тиймээс 2018 оноос хойш Хаягийн мэдээллийн санд зураглаагүй гудамж, замыг зураглах, түүний эхлэл, төгсгөлийг тодорхойлох, нэгж талбарын орц, гарцын мэдээллийг тулгаж, нэгж талбарт олгосон хаягийн иж бүрдэл үнэн, зөв эсэхийг шалгах, алдаатай мэдээллийг засварлахаар ажиллаж байгаа аж.