Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлэхийн хэрээр ан амьтдын тархац нутаг, нүүдэл, шилжилт хөдөлгөөн хумигдаж буй. Үүнтэй холбогдуулан байгаль орчны мэргэжлийн байгууллагынхан зарим амьтныг өөр бүсэд нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл 2023 онд тархац нутаггүй болсон 100 тарвагыг өөр газарт суурьшуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт хамаардаг Шаргаморьт, Хуурай мухар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Өвөргүнт, 17 дугаар хорооны Зүрх уулын амнаас 100 тарвага барьж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт шилжүүлэхээр болсон. Үүнийг нийслэлийн Байгаль орчны газар, ан амьтны мэргэжлийн байгууллагатай хамтран хийх бөгөөд “хулгар шар”-ыг тусгай технологи, зөвшөөрөгдсөн аргын дагуу барьж, тээвэрлэх гэнэ.