Байгаль орчны хамгийн олон тэмдэглэлт өдөр, арга хэмжээ гуравдугаар сард тохиодог. Үүний нэг нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилготой “Эх дэлхийн цаг” арга хэмжээ. Үүнийг жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн бямба гарагт дэлхий нийтээрээ тэмдэглэдэг бөгөөд 20.30-21.30 цагийн хооронд гэрэл, цахилгаан хэрэгслээ унтрааж, эх дэлхийдээ амс хийх чөлөө олгодог уламжлалтай. Тэгвэл өнөө жилийнх энэ сарын 25-нд тохиож буй юм.
“Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас санаачилж, хамгийн анх Австралийн Сидней хотын 2000 өрхөд туршсан түүхтэй. Санаачлагч байгууллагын зүгээс 2023 оны арга хэмжээг угтан “Худалдан авалт бүрээрээ үлгэр жишээ үзүүлцгээе”, “Байгальд ээлтэй хэрэглэгч байж бусдаас ялгаръя” уриалга дэвшүүлжээ. Тэд иргэдийг хуванцар савлагаатай бүтээгдэхүүн, гялгар уутнаас зайлс хийхийг уриалав. Мөн бүгдийг биш, зөвхөн хэрэгтэй зүйлсээ авахыг зөвлөлөө. Бидний өдөр тутам хэрэглэж буй зүйлс (хувцас, цахилгаан бараа) ч хожим байгальд хог болдгийг анхааруулж байгаа юм.