Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр 2020 онд хоёр байршлыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь Дээндийн нуруу болон Бага шар хоолойн амны Бэрх төгөл. Эдгээр хүлэрт намгархаг газрыг хамгаалснаар нийслэлийн ногоон бүсийн амьтан, ургамлын нөөцийг сэргээх, тогтвортой байлгах боломжтой гэж байгаль орчны мэргэжилтнүүд үзэж, ийм санал дэвшүүлснийг шийдвэр гаргагчид баталсан юм. Тэгвэл нийслэлийн Байгаль орчны газар уг тогтоолын хүрээнд Бэрх төгөл дэх усны сан бүхий газрын онцгой, энгийн хамгаалалтын бүс рүү нэвтрэх орц, гарцыг хааж, тэмдэг, тэмдэглэгээ байршуулахаар болжээ. Ингэснээр тусгай хамгаалалттай газрыг хүн, малын хөл, бохирдлоос сэргийлэх гэнэ. Уг ажилд 10 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ хавар эхлүүлэхээр төлөвлөж байна. Ташрамд дурдахад, нийслэлийн бүсэд улсын тусгай хамгаалалттай гурав, орон нутгийн дөрөв, дүүргийн хэмжээнд хамгаалсан 24 газар байдаг аж.