Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, зарим удирдлага мэдээлэл хийв. Зөвлөгөөний эхэнд хотын дарга барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу хийсэн ажлын мэдээлэл сонслоо. Энэ дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 171 объектод, урьдчилан сэргийлэхээр 887 объектод хяналт шалгалт хийхээр болжээ. Улмаар Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй хүүхдийн тоглоомын 976 талбай байгаагаас 2023 онд 487-д нь стандарт хангуулах арга хэмжээ авна хэмээн хотын эрх бүхий албан тушаалтнууд танилцуулав. Мөн нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг гуравдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар болжээ.
Түүнчлэн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Зуслангийн 26 амны төлөвлөлтийн ажлыг хийж байгаа. Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлх гээд дөрвөн амны 8916 нэгж талбарын 1865 га-д төлөвлөлт хийж, тайланг хүлээн авсан. 22 амны төлөвлөлтийг зургаадугаар сард авахаар ажиллаж байна. Хашаа, хайсны арга хэмжээг гуравдугаар сарын сүүлчээр зохион байгуулж, 100 байршилд 10,322 метр хашаа, хайсыг буулгаж ажиллана. 62 байршлын 6553 метр хашааг стандарт мөрдүүлж ажиллахаар төлөвлөсөн. Халиа тошин үүсэх эрсдэлтэй айлуудын судалгааг гаргасан. Дөрвөн дүүргийн хэмжээнд 1110 нэгж талбарын 79.8 га газрын судалгааг харьяат байгууллагаас ирүүлсэн” хэмээсэн бол Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван “Зуслангийн бүсийн хашаа, хайсанд нэгдсэн стандарт боловсруулахаар Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Мөн нүхэн жорлог цэгцлэхээр БОАЖЯ-тай хамтарсан Ажлын хэсэг журам боловсруулахаар ажиллаж байгаа” гэлээ.