Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд хотод гэмт хэрэг, зөрчил хэр байгааг танилцууллаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад 18,800 дуудлага мэдээлэл ирсэн нь өмнөх 14 хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэмт хэргийн шинжтэй дуудлага 17.9, зөрчлийн шинжтэй дуудлага 6.5, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 28.3 хувиар өссөн бол зам, тээврийн осол 27.3 хувиар буурчээ.
Мөн өмнөх 14 хоногтой харьцуулахад хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 12.5, хулгай 7.7, залилах гэмт хэрэг 36.5 хувиар буурсан байна. Харин хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 42.4, дээрэм 39.5 хувиар өсжээ. Дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа учраас цагдаагийн байгууллагаас эргүүл хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа аж.
Түүнчлэн дээрх хугацаанд онцгой байдлынхан аюулт үзэгдэл ослоос долоон иргэнийг аварч, 904 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, ажилласан гэнэ. Ер нь 2023 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 387, аврах ажиллагааны 49, нийт 436 удаагийн дуудлагатай байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 16.9 хувиар буурсан үзүүлэлт аж.
Харин Тээврийн цагдаагийн албаны 466 алба хаагч, 162 цэгт үүрэг гүйцэтгэсэн байна. Улмаар Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж байсан 688 жолоочийг илрүүлэн, холбогдох арга хэмжээг авчээ.