УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж нь Баянзүрх дүүргийн I хорооны нутаг, “Чингис хаан” зочид буудлын баруун талд, Сэлбэ голын эрэгт 25 давхар орон сууцын “Сансар гарден” хотхоныг хууль зөрчин барьж буй гэж үзсэн иргэд АТГ-д ханджээ. Иргэдийн гаргасан гомдлын дагуу АТГ-ынхан шалгаж буй аж. Хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд “Б.Чойжилсүрэнг, эхнэр Д.Энхгэрэлийнх нь хамт авлигын хэргээр шалгаж эхэлжээ” хэмээн мэдээлсэн бөгөөд одоогоор хэн нэгнийг буруутгаагүйг эх сурвалжууд батлав. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн нэр дээрх “Хаус-Инвест” ХХК-ийнхан “Сансар гарден” хотхон нэртэй, найман блок бүхий барилгыг 2022 оны хавраас барьж эхэлсэн бөгөөд энэ үедээ Сэлбэ гол руу бохир усаа цутгаж, хууль зөрчсөнийг холбогдох байгууллагынхан тогтоосон. Мөн Усны тухай хуулийн 22.2-т заасан “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол, мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” хэмээснийг, түүнчлэн нийслэл болон аймгийн төвийн хот, суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд хамгаалалтын бус байхаар заасныг зөрчсөн хэмээн иргэд гомдол гаргасны дагуу АТГ-ынхан шалгаж буй гэнэ.