Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл, Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Цээсүрэн нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь тогтоолгох саналаа илэрхийлэн НПГ-т шилжүүлсэн байна. Тэднийг Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан тендерт танил талынхаа аж ахуйн нэгжийг шалгаруулж, бусдад давуу байдал олгон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн буруутгаж 2020 оны тавдугаар сараас хойш шалгасан юм. Дээрх хоёр албан тушаалтан нь 2020 оны сонгуулийн дараа, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын дэмжлэгээр томилогдсоныг Баянгол дүүргийн ИТХ, ЗДТГ-ынхан өгүүлдэг.
Бэлтгэсэн Г.Орчлон