Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод хийж буй бүтээн байгуулалт, мөн 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцолсон. Тэрбээр “Нийтийн бие засах газар 24 байдгаас 19 нь тогтмол ажиллаж байна.
Энэ жилийн хувьд 10 байршилд нэмж шинээр байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс 24 цагаар нийтийн бие засах газрын үйлчилгээг иргэдэд хүргэх, үйлчилгээ эрхлэх, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллах сонгон шалгаруулалтыг зарласан тул хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцохыг урьж байна” гэсэн юм.
Мөн өнгөрөгч долоо хоногийн хугацаанд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас гарсан 20,227 тонн хог хаягдлыг 914 машинаар 5000 удаагийн рейсээр тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ. Ингэхдээ замын түгжрэл үүсгэхгүй, ачаалал нэмэхгүй байх үүднээс хог тээврийн байгууллагын 30 хувь нь шөнийн цагаар хог тээвэрлэлтийг хийж байгааг дурдав.