Казахстаны Шучинск хотод үргэлжилж буй биатлоны өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас шигшээ багийн зургаан тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна. Энэ сарын 12-нд өндөрлөх тус тэмцээнд 41 улсын 800 тамирчин өрсөлдөж буй аж. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдааны 15 км-ийн индивидуэль төрөлд манай улсаас ОУХМ Э.Энхсайхан хурд сорьж, 21 дүгээр байр эзэллээ. Тэрбээр 20 сумнаас тав алдан буудаж, 47.51.3 минутын амжилтаар 91 тамирчнаас 70-ыг нь ардаа орхисон нь Монголын биатлончдын хувьд түүхэн амжилт юм. Жил бүр амжилтаа ахиулсаар буй Э.Энхсайхан ХБНГУ-ын Оберхофт хотод өнгөрсөн жил болсон “Дэлхийн цом” тэмцээнд Монголын биатлончдоос анх удаа өрсөлдсөн. Мөн Словенийн Поклюкад зохион байгуулсан Европын нээлттэй тэмцээний 15 км-ийн уралдаанд 108 тамирчнаас 23-т жагсаж, шилдгүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүрснээ харуулсан билээ. Тэгвэл ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 12.5 км-ийн ганцаарчилсан уралдаанд М.Должинсүрэн 85 тамирчнаас 67 дугаар байрт оржээ.