Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэд хэдэн шийдвэр гаргав. Тодруулбал, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэнд, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, барилга барихад зарцуулах чиглэл баримтлан ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт уг тогтоолоор үүрэг болгожээ. Мөн авлига, албан тушаалын хэргийн улмаас төрд хураагдсан барилга, байгууламжид үнэлгээ хийж, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжийг судлан, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгав.
Бэлтгэсэн Б.Уран